
Дэлхийн допингийн эсрэг агентлагаас Москвагийн допингийн эсрэг лабораторийн шинжилгээ явуулах тусгай зөвшөөрлийг нь түр хугацаанд цуцаллаа гэж хэвлэлийн албанаас нь мэдээлсэн байна. Лабораторийн хууль бус үйл ажиллагаатай холбоотой мөрдлөг шалгалт дуусах хүртэл хориг үйлчилнэ гэж Дэлхийн допингийн эсрэг агентлагаас тэмдэглэжээ.
Москвагийн допингийн эсрэг лаборатори 2015 оны 11 дүгээр сард тусгай эрхээ хасуулсан боловч Дэлхийн допингийн эсрэг агентлаг 2016 оны тавдугаар сараас энэ лабораторийн тамирчдын цусны шинжилгээ хийх эрхийг нь сэргээсэн юм.
Гэтэл өнгөрөгч 12 дугаар сарын 9-ний өдөр Дэлхийн допингийн эсрэг агентлагийн гүйцэтгэх хорооноос уг лабораторийг 2012-2015 оны хооронд тамирчдын шинжилгээний үр дүнг хуурамчаар үйлдсэн гэсэн үндэслэлээр Оросын допингийн эсрэг агентлагт хориг тавьсан байна. Тухайлбал, зарим мэдээллийг хооронд нь хольсон, мэдээллийн сангаас зарим мэдээллийг устгасан гэж үзжээ.
Ингээд Москвагийн лабораторийн сэргээшийн дээж авах, шинжилгээ хийх эрхийг түр зогсоожээ. Мөн энэ үеэр ОХУ спортын томоохон тэмцээн уралдааныг эх орондоо зохион байгуулах эрхээ дөрвөн жилээр хасуулж, ДАШТ, Олимп, Паралимпийн наадмуудад үндэсний далбаатайгаа оролцох эрхгүй болсон юм.
Оросын допингийн эсрэг агентлаг ч хоригийг хүлээн зөвшөөрөлгүй энэ сарын 9-нд Спортын арбитрын шүүхэд хандсан билээ.
Москвагийн лабораторийн сэргээшийн дээж авах, шинжилгээ хийх эрхийг түр зогсоожээ | ||
Үзсэн: 482 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.