Шууд Chart

Ухань хотод сурдаг монгол оюутнууд коронавирусийн өвчлөлд өртөөгүй

2020-01-24 10:12:42

Үүнтэй холбоотойгоор БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбооноос өчигдөр мэдэгдэл гаргажээ. Тодруулбал, 2020 оны нэгдүгээр сараас эхлэн Ухань хотод дэлгэрсэн уушгины хатгалгаа үүсгэгч шинэ төрлийн коронавирусийн халдвартай холбоотой Ухань хотод суралцдаг оюутан залуусын талаарх буруу ойлголт “фэйсбүүк”, “твиттер” гэх мэт олон нийтийн сүлжээгээр тарж байгаатай холбогдуулан үнэн бодит мэдээллийг хүргэх нь:

2019-2020 оны хичээлийн жилд БНХАУ-ын Ухань хотод Монгол Улсын нийт 253 оюутан суралцдаг гэсэн албан ёсны бүртгэл мэдээлэл байна. Үүнээс хичээлийн жилийн эхний хагас жилийн байдлаар 204 оюутан тогтмол суралцаж байна.

Халдварт өвчний вирус тархахаас өмнө буюу өнгөрсөн оны арванхоёрдугаар сард 100 гаруй буюу ихэнх оюутан эх орондоо очсон байсан. Харин коранавирусийн шинж тэмдэг анх илэрч, нийтэд зарлагдсанаас хойш буюу 2020 оны нэгдүгээр сард 70 орчим монгол оюутан эх орон руугаа болон бусад гадаадын улс руу амарч, аялахаар зорчсон байна.

Өнөөдрийн байдлаар Ухань хотын том зургаан сургуульд 30 гаруй монгол оюутан залуус байгаа бөгөөд тэдгээр оюутнуудад ямар нэгэн өвчлөлийн шинж тэмдэг илрээгүй.

Дээрх оюутнууд нь тус тусын сургуулиудынхаа гадаад оюутны оффис, БНХАУ-ын Ухань хот дахь Монгол оюутны холбоо, БНХАУ-д байрлах Монгол Улсын Элчин сайдын яам, ГХЯ, ЭМЯ-тай тогтмол харилцаа холбоотой байж зөвлөмж, зааварчилгааг өдөр тутам авч, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж байна.

Тиймээс та бүхэн зарим нэгэн хариуцлагагүй иргэний олон нийтийн цахим сүлжээгээр тарааж буй буруу ташаа мэдээлэлд бүү автаарай гэж уриалъя” гэжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ухань хотод сурдаг монгол оюутнууд коронавирусийн өвчлөлд өртөөгүй  
Үзсэн: 647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй