
АНУ-ын Ерөнхийлөгчид хариуцлага тооцох шүүх хуралд тус улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Болтоныг дуудаж байцаахыг парламентын сөрөг хүчнийхэн төдийгүй эрх баригчид ч шаардаж байна. Парламентын хууль шүүхийн үйл ажиллагаанд ийм процесс өрнүүлэхийг хүсэгчдийн тоо цаашид ч нэмэгдэж мэдэхээр байгаа тухай зарим хэвлэл бичиж байна.
Учир нь Америкийн нэр нөлөө бүхий “Нью-Йорк Таймс” сонин “Болтон Цагаан ордонд ажиллаж байх үеийнхээ талаар бичсэн нэгэн шинэ ном гаргаж, тэндээ “Трамп өөрт нь Украины талаас Жо Байденыг мөрдөн шалгах хүртэл цэргийн тусламжаа гацаах үүрэг өгсөн” хэмээн өнгөрөгч ням гарагт нийтэлжээ. Энэ нийтлэл “Жон Болтон үнэхээр тийм зүйл номондоо бичсэн үү” гэх мэт олон эргэлзээ Америкийн улс төрд байна. Болтоны туслахууд энэ талаар тодорхой биш ч гэсэн няцаасан хариулт өгч байгааг ч мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Засгийн газарт шахалт үзүүлсэн гэх хэргээр түүнд хариуцлага тооцож, огцруулах эсэхийг шийдэх шүүх хурал парламентын дээд танхимд өрнөж байна. Парламентын гол хоёр хүчин өнгөрөгч долоо хоногт шүүх хурлын дэгээ тогтоосны дараа Ардчилсан намынхан Трампын эсрэг баримтуудаа гаргаж дууссан бол, одоо Бүгд найрамдах намынхан Ерөнхийлөгчөө хамгаалах үндэслэлүүдээ тавьж байна.
Америкийн эрх баригч намаас Трампыг өмгөөлөхөөр сонгогдсон хуульчид, өнгөрөгч бямба гарагт эхэлсэн шүүх хурлын энэ шатанд Дональд Трамп, Владимир Зеленский нарын утасны яриатай холбоотой баримтуудын эсрэг өмгөөлөх 6 үндэслэл гаргасан. Тэр дунд “Украинд олгох цэргийн тусламж Жо Байденыг мөрдүүлэх тухай яриа зэрэг нь хоорондоо холбоотой болохыг Трампыг өөрийнхөө амаар хэлсэн гэж мэдүүлсэн нэг ч гэрч байхгүй” гэсэн нэг үндэслэл орсныг хэвлэлүүд онцлон мэдээлж байна.
Дональд Трампад хариуцлага тооцох шүүх хуралд Жон Болтоныг дуудаж байцаахыг шаардаж байна | ||
Үзсэн: 476 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.