
Боливын экс Ерөнхийлөгч Эво Моралесын араас улс орноосоо гарсан, энэ улсын Эдийн засгийн сайд асан Луис Арсе “Социализмын хөдөлгөөн” намаас төрийн тэргүүнд өрсөлдөхөөр өнөөдөр эх орондоо ирэх гэж байна. Тэрбээр Аргентины нийслэлд даваа гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Маргааш гэхэд би Боливтоо очно” гэж мэдэгдсэн байна.
Луис Арсе нь Боливын түр Засгийн газрын зөвшөөрөл, Ла-Пас дахь Мексикийн Элчин сайдын яамны туслалцаатайгаар өнгөрөгч 12 дугаар сарын эхээр Боливоос гарсан юм. Тэрбээр энэ сарын дундуур “Социализмын хөдөлгөөн” намаас сонгуульд нэрээ дэвшүүлэх асуудлыг хэлэлцэхээр Буэнос-Айрест ирсэн байна. Ням гарагт Боливын прокурорын газраас Луис Арсег баривчлах ямар нэгэн тогтоол байхгүй гэж мэдэгдсэн.
Болив улсад өнгөрөгч 10 дугаар сарын 20-нд Ерөнхийлөгчийн сонгууль болсон юм. Сонгуулийн дээд шүүхийн мэдээлснээр иргэдийн олонх нь Эво Моралест санал өгсөн гэж байлаа. Харин түүний гол өрсөлдөгч Карлос Меса сонгуулийн эхний үе шатны үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гээд эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдээсэн байна.
Ингээд гурван долоо хоногийн эсэргүүцлийн дараа Эво Моралес Ерөнхийлөгчөөсөө огцорч, улс орондоо болсон үйл явдлыг төрийн эргэлт гэж нэрлэсэн байна. Одоогоор энэ улсад шинэ сонгууль хүртэл Сенатчдын танхимын дэд дарга, сөрөг хүчний улстөрч Жанин Аньес Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэж байна. Боливт Ерөнхийлөгчийн шинэ сонгууль тавдугаар сарын 3-нд болно.
Боливын Эдийн засгийн сайд асан Луис Арсе сонгуульд нэрээ дэвшүүлнэ | ||
Үзсэн: 609 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.