
Вашингтон Сирийн засаг захиргаа, түүнийг дэмждэг улс орнуудын эсрэг дипломат болон эдийн засгийн хамгийн шийдэмгий арга хэмжээ авахад бэлэн гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэнийг Төрийн департаментын сайтад нийтэлжээ.
Америкийн тал Сирийн баруун хойд хэсэгт буюу Идлиб муж, Алеппо мужийн баруун хэсэгт Орос, Ираны дэглэм, Ливаны шийтүүдийн “Хезболла” хөдөлгөөн, Асадын дэглэмийн нэгдсэн хүчнээс иргэд рүү агаарын бөмбөгдөлт, газрын тулаан явуулж байгааг сэтгэл түгшин ажиглаж байна гэсэн байна. Гэхдээ Помпео энэ талаар тодорхой нотлох баримт гаргаж ирээгүй, мөн ийм мэдээллийг авсан эх сурвалжаа мэдээлээгүй.
Майк Помпеогийн мэдэгдлээс өмнөхөн Дайсагнагч талуудыг эвлэрүүлэх Оросын төвийн дарга, хошууч генерал Юрий Боренков Оросын агаарын цэргийн зүгээс Идлибийн бүсэд иргэдийн объектууд руу цохилт хийсэн гэх мэдээлэл гарсныг бодит байдалтай нийцэхгүй гэж мэдэгдсэн юм.
Оросын Агаар-сансрын хүчин гал зогсоох дэглэм үйлчилж эхэлснээс хойш тулалдааны нислэг үйлдээгүй гэдгийг Боренков онцолсон. Мөн нэгдүгээр сарын 9-нөөс буюу гал зогсоох дэглэм эхэлснээс хойш дайчид Сирийн цэргүүдийн байршил руу 30 удаа халдсан гэдгийг нэмж хэлсэн байна.
Сирийн хойд хэсгийн зөрчилдөөнийг бууруулах бүсэд гал зогсоох дэглэм энэ сарын 12-ноос эхлэн үйлчилж байгаа юм. Гэвч сүүлийн үед Алеппо хотод энгийн номхон иргэд рүү цохилт хийх, газрын тосны агуулах руу тэсрэх төхөөрөмжтэй халдах зэрэг үйл явдлууд үргэлжилж байна. Мөн алан хядагчид Алеппо хотод химийн халдлага гарсан мэт үйл явдалд зэхэж байна гэж Сирийн төрийн мэдээллийн “САНА” агентлаг өчигдөр мэдээлжээ.
АНУ Сирийн засаг захиргаа, дэмждэг улс орнуудынх нь эсрэг шийдэмгий арга хэмжээ авахад бэлэн гэв | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.