
Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ зөрчиж, өнгөрөгч 2019 онд цөмийн болон пуужингийн хөтөлбөрөө үргэлжлүүлэн хөгжүүлсэн гэж НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Умард Солонгосын хоригийн хорооны баримтад тэмдэглэжээ.
Өнгөрсөн жил Умард Солонгос улс цөмийн туршилт хийгээгүй, тив алгасагч баллистик пуужин хөөргөөгүй ч цөмийн болон пуужингийн хууль бус хөтөлбөрөө зогсоолгүй, үргэлжлүүлэн хөгжүүлж байсан нь Аюулгүйн зөвлөлийн тогтоолтой зөрчилдөж байна гэж энэ баримтад тэмдэглэсэн байна.
Пехньян өнгөрөгч 2019 онд пуужингийн 13 туршилт явуулж, 25 пуужин хөөргөсөн гэж мэдээлжээ. Мөн Умард Солонгосын хакерууд дэлхий дахины санхүүгийн байгууллагууд, криптовалютын биржүүдэд кибер халдлага үйлдсэн гэдгийг энэ баримтад тэмдэглэсэн байна.
НҮБ-ын шинжээчдийн энэ баримтаас харахад, Умард Солонгос улс 2019 онд задгай тэнгист нэг хөлөг онгоцноос нөгөө хөлөг онгоц руу шилжүүлэн ачаалах замаар газрын тос, нефтийн бүтээгдэхүүн их хэмжээгээр импортлож, нүүрс болон бусад хориотой бараа бүтээгдэхүүнийг экспортлож байсан гэнэ. Ингэхдээ Хятадын хөлөг онгоцуудын тусламжтайгаар 370 орчим сая ам.долларын газрын тос импортлож, нүүрс экспортлосон гэж мэдээлжээ.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсыг цөмийн болон пуужингийн туршилт явуулсны хариуд 2017 оноос эхлэн хатуухан хориг арга хэмжээ авч байгаа юм.
БНАСАУ-ыг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолоор хүлээсэн үүргээ зөрчсөн гэв | ||
Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.