Шууд Chart

Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монголд ашиггүй

2013-07-10 17:50:59

Газрын тосны Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэж юу вэ. Энэ нь Монгол Улсад хэр ашигтай зүйл вэ гэдгийг мэдэхийг хичээлээ. Бүтээгдэхүүн хуваах гэрээ гэдэг нь Газрын тосны газар, гэрээлэгч компани хоёр харилцан тохиролцсоны үндсэн дээр байгуулдаг баримт бичиг юм байна. Үүнийг нь Засгийн газар баталгаажуулсан тохиолдолд хүчин төгөлдөр болдог.

Өнөөдрийн байдлаар манай улсад газрын тосны хайгуул олборлолтын 18 талбайд бүтээгдэхүүн хуваах гэрээтэй 14 компани үйл ажиллагаа явуулж байгаа юм. Бүтээгдэхүүн хуваах гэрээний дагуу үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг ч үнэн хэрэгтээ нүднээс далдуур чухам юу болж байдгийг мэдэхээсээ мэдэхгүй нь олон.

Гэрээлэгч компани Монгол Улсын газрын тосны хууль, түүнийг хэрэгжүүлэх журмын дагуу жил бүр талбайн дэнчин гэж Засгийн газарт төлдөг. “Талбайн дэнчин” гэдэг нь гэрээлэгч гэрээт талбайд газрын тостой холбогдсон үйл ажиллагаа явуулах онцгой эрх эдэлснийхээ төлөө гэрээт талбайн хэмжээгээр уг төлбөрийг төлдөг.

Монгол Улсын Засгийн газар болон Гэрээлэгчийн хооронд хуанлийн cap бүрийн гэрээт түүхий тосноос роялти болон өртөгт тосыг хасаад үлдэх хэмжээг хуваарилна. Энэ нь тухайн хуанлийн сард олборлосон түүхий тосны өдрийн дундаж олборлолтын хэмжээ хэдэн баррельтай тэнцүү байна гэдгээс хамааруулан хувь тогтоож хуваадаг юм.

Хуанлийн cap нэг нь аргын тооллын арванхоёрдугаар сарын 1-н бөгөөд энэ нь тухайн сарын эхний өдрөөс эхлэн, сүүлийн өдрийг хүртэл үргэлжилдэг аж. Харин өртөг тос гэдэг нь Гэрээлэгчийн газрын тостой холбогдсон үйл ажиллагааны зардлыг нөхөхөд зориулах гэрээт түүхий тосыг хэлж байгаа юм.

Хайгуулын ажлын эхний үе шатанд гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километр талбайд /олборлолтын талбайг оруулахгүй/ нэг, хайгуулын ажлын хоёр дахь үе шатанд гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километр талбайд /олборлолтын талбайг оруулахгүйгээр/ хоёр, хайгуулын ажлын гурав дахь үе шатанд гэрээт талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт /олборлолтын талбайг оруулахгүйгээр/ дөрвөн ам доллар төлөх ёстой.

Мөн эрэл хайгуулын ажлын хугацааг Засгийн газрын шийдвэрээр сунгасан хайгуулын хугацаанд гэрээт нэг хавтгай дөрвөлжин километрт ногдох /олборлолтын талбайг оруулахгүйгээр/ 10, олборлолтын талбайн нэг хавтгай дөрвөлжин километрт ногдох 50 ам доллар төлөхөөр тооцжээ.

Үүнээс гадна захиргааны шимтгэл, Монгол Улсын байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөц баялгийг ашигласны төлбөр, олборлолтын урамшуулал зэргийг гэрээлэгч тал Засгийн газарт төлдөг. Ингэхээр манай улс газрын тосны хайгуул олборлолтоос нэлээд хэмжээний ашиг олдог байх ёстой.

Нөгөө талаар гэрээндээ хариуцлагын тухай тодорхой тусгасан нь үгүй. Газрын тосны салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниудын тухайд бүх зүйл гэрээний дагуу ямар нэгэн дутагдал зөрчилгүй байна хэмээн Газрын тосны газрынхан мэдэгддэг. Гэвч гэрээний заалтыг илт зөрчиж байгаа үйлдэл олон. Тухайлбал, гэрээнд гэрээлэгч нь байгаль орчныг нөхөн сэргээхэд төдий хэмжээний мөнгө зарцуулна гэсэн ганцхан өгүүлбэр дурдаад орхижээ.

Саяхан Дорнод аймгийн Тамсагийн сав газраас нефть олборлодог “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн үйл ажиллагааг түр зогсоосон. 2005 оноос үйл ажиллагаа явуулж эхэлсэн тус компанийн бүтээгдэхүүн хуваах гэрээг ил тод болгож, үүнтэй холбоотой зөрчлийг таслан зогсоохыг шаардсан хурал хүртэл болж байсан.

Тухайн үед уг компанийн үйл ажиллагааг байгаль орчныг бохирдуулж, ард иргэдийн эрх ашгийг хөндөж байна хэмээн үзсэн гэх. Түүнчлэн Бүтээгдэхүүн хуваах гэрээ нь Төсвийн тухай хууль, Татварын ерөнхий хууль, Газрын тосны тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Газрын тосны тухай хуулийг хэрэгжүүлэх журам зэргийг зөрчсөн хэмээн үзсэн.

Мөн газрын тосны хайгуулын өрмийн шингэн хаягдлын 368, үйлдвэрлэлийн шингэн хаягдлын 20 гаруй санг саармагжуулалгүй шороогоор булсан, шахуу өрөмдсөний улмаас гүний усны түвшинг 1500-2000 метр хүртэл доошлуулж цөлжилт үүсэх шалтгаан бий болгосон зэргийг ярьж хэлж байсан ч өнөө мартагдаад байна.

Уг нь гэрээлэгч гэрээг санаатай зөрчсөн, уг зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй буюу арга хэмжээ авч эхлээгүй, мөн гэрээ хэрэгжүүлэх үүднээс хөтөлбөрт болон төсөвт ажлаа эхлээгүй бол Засгийн газар гэрээг цуцлах эрхтэй байдаг.

Манай улсын хувьд газрын тосны ордуудаа ашиглах, орлого олох гол гэрээ нь энэ л дээ. Учир нь хөрөнгө оруулагч 100 хувь хөрөнгөө гаргаж, эрсдлээ хариуцдаг учраас бусад хөрөнгө оруулалтын гэрээнээс илүү давуу талыг Монгол Улсад олгодог. Гэвч монголчууд энэ давуу талаа ашиглаж чадаж байгаа гэвэл юу л бол. Харин ч Монгол Улсад биш, харийнханд давуу эрх олгосоор байгаа нь үнэн.

Монгол Улсын Засгийн газартай Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниуд:

-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Петрочайна Дачин Тамсаг (Монгол)" компани хайгуулын Тосон Уул-ХК, Тямсаг-ХХ1, Буйр- XXII гурван талбайд,

-БНХАУ-ЫН хөрөнгө оруулалттай "Доншен Газрын тос (Монгол)" компани Дорноговь аймгийн нутагт орших Цагаан Элс-ХШ болон Зүүн баян-XIV хайгуулын талбайн зарим хэсэгт буюу 1997 гэрээт талбайд,

-Канадын хөрөнгө оруулалттай "Паназиан Энержи Партнерс Лимитед" ХХК хайгуулын Нялга-ХУ1 талбайд,

-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Чайна Голден Сий Петролиум" хайгуулын Тариач-ХУ талбайд,

-Кеймэн арлуудад бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай "Петро Матад" ХХК хайгуулын Матад-ХХ талбайд,

-Швейцарын хөрөнгө оруулалттай "Гоби энержи Партнерс Гмбх" компани Цагаан Элс-ХШ, Зүүнбаян-ХIV талбайнуудад,

-БНХАУ-ын хөрөнгө оруулалттай "Зон Хэн Юњ Тан" ХХК-иуд Галба-Х1 талбайд.

-"Шунхлай энержи" ХХК Сулинхээрийн ХХIII талбайд

-"Сансрын геологи хайгуул" ХХК Төхөм /хойд/, Цайдам ХХVI талбайд

-"Эн Пи Ай" ХХК Хөхнуурын ХVIII талбайд

-"Сентрал Азиан Петролеум Корпорэйшн Лимитед" ХХК Богд IV, ОнгиV талбайд

-"М Си Эс Петро лимитед" ХХК Борзон VII-д

-"Магнай трейд" ХХК Баянтүмэн ХVII-д

-"Апекспро Инвестмент Лимитед" ХХК Дарьганга ХХIV талбайд

-"Монголын Алт Компани" Төхөм X талбайд

-"Вульф петролеум" ХК Сүхбаатар ХХVII талбайд тус тус бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байна.


Бүтээгдэхүүн хуваах гэрээ Монголд ашиггүй  
Үзсэн: 2501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй