Шууд Chart

АНУ-д амны хаалтны эрэлт нэмэгджээ

2020-03-02 16:39:57

АНУ-ын Нью-Йорк, Вашингтон, Калифорни, Иллинойс мужид шинэ төрлийн коронавирусний халдвар бүртгэгдэж, амны хаалтны эрэлт нэмэгджээ. Тодруулбал, Нью-Йорк мужид 30-аад насны нэг эмэгтэй халдвартай болох нь тогтоогдсон гэж мужийн захиргаа хэдэн цагийн өмнө мэдэгдсэн байна. Вашингтонд ням гарагт 60-аад насны хоёр эрэгтэй шинээр халдвар авснаар нийт 8 хүн халдвартай болж, хоёр хүн нас барсан гэж мэдээлж байна. Хоёр тохиолдол илэрсэн Асрамжийн газарт халдвар тархах эрсдэл байгаа эсэхийг шалгана гэж Вашингтоны Эрүүл мэндийн газраас мэдэгдэж байна. Уг асрамжийн газарт ажиллаж, асруулж байсан 50 гаруй хүнд өвчний шинж тэмдэг илэрчээ. 

Калифорнид урьдчилсан байдлаар халдвартай гэж таамаглаж байсан таван хүний шинжилгээний хариу эерэг гарчээ. Иллинойс мужид хоёр хүн халдвар авч, одоо биеийн байдал нь бүрэн сэргэсэн гэсэн боловч нэмж нэг хүнд өвчний шинж илэрсэн байна.

Сүүлийн өдрүүдэд АНУ-д коронавирусний халдвартай хүний тоо нэмэгдсэний улмаас хүмүүс амны хаалт худалдаж авах нь нэмэгдлээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын Эрүүл мэндийн байгууллагууд хүмүүсийг маск их хэмжээгээр худалдан авахаа зогсоохыг уриалсан байна. Амны хаалт нь нийгмийн амьдралд оролцож байгаа хүмүүсийг халдвараас сэргийлэх үр дүнтэй арга биш, харин эмнэлгүүдэд хомсдол үүсвэл энэ нь жинхэнэ эрсдэл болно гэсэн байна.

Үүний оронд гараа угаах, өвчтэй бол гэрээсээ гарахгүй байх зэргээс гадна өдөр тутмын хамгаалалтын бусад арга хэлбэрүүд өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл болно гэж тайлбарлажээ. Нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенс нийт америкчуудын дундах халдварын эрсдэл бага гэсэн ч, энэ өвчнөөр дахин хүмүүс нас барах магадлалтай гэж анхааруулсан байна.

Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп эрсдэл өндөр улсуудаас ирсэн хүмүүсийг эмнэлгийн үзлэгт оруулж, Иран улс руу явах аяллын хоригийг сунгасан байна. Одоогоор АНУ-д тус улсын эрүүл мэндийн байгууллагуудын ирүүлсэн тоогоор 77 тохиодол тогтоогдоод байна. Харин олон улсын хэмжээнд Хятадаас гадна 55 улсад 88 мянга гаруй хүн халдвар авснаас гурван мянга нь нас барсан гэсэн мэдээ байна. 

Нийтэлсэн: Mонголын радио

АНУ-д амны хаалтны эрэлт нэмэгджээ  
Үзсэн: 817 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй