Шууд Chart

Европыг зорьсон дүрвэгчид Грекийн цагдаа нартай мөргөлджээ

2020-03-02 16:53:31

Турк хилээ нээснээр Европыг зорьсон дүрвэгчид Грекийн цагдаа нартай мөргөлджээ. Тодруулбал, Турк улсаас Грек рүү орох гэсэн хэдэн зуун дүрвэгч ням гарагт хоёр улсын хил дээр Грекийн цагдаа нартай мөргөлдсөн байна. Тэднийг тараахын тулд хууль сахиулагчид нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Грекийн Засгийн газраас энэ явдлыг үндэсний аюулгүй байдалд халдсан хэрэг гэжээ. Дүрвэгчид Европ руу нэвтрэх гэж хоёр дахь өдрөө дайрсан нь энэ юм.

Хил дээр эмх замбараагүй байдал үүсэхээс өмнө Турк 2016 онд Европын холбоотой байгуулсан гэрээгээ зөрчин Европ руу гардаг хилээ дүрвэгчдэд нээж өгнө гэж өнгөрөгч пүрэв гарагт мэдэгдсэн. Сирийн хойд бүсэд явуулж байгаа Туркийн цэргийн ажиллагааны үеэр тус улсын 30 гаруй цэрэг үрэгдсэнээр Анкара Европын холбооноос дэмжлэг авахын тулд ийм байдлаар шахалт үзүүлж байна гэж хэвлэлүүд мэдээлжээ.

Хилээ нээх болсныг нь эсэргүүцсэн Грекийн талын шүүмжлэлийг Туркийн тал үл ойшоож, харин ч дүрвэгчийн эсрэг авсан арга хэмжээг нь буруутгасан байна. Ням гарагийн өглөөгүүр хэдхэн цагийн дотор Турктэй ойрхон оршдог Грекийн гурван аралд багаар бодоход 600-аад дүрвэгч нэвтэрсэн гэж цагдаа нар мэдээлж байна. Туркийн хил дээр гурван мянган дүрвэгч цуглаад байна гэж Грекийн Засгийн газар мэдээлж байгаа бол НҮБ-ын Дүрвэгчдийн хороо 13 мянган хүн бий гэж тооцоолж байна.

Европын холбоо энэ асуудлаар шуурхай хурал хийхээр болжээ.  

Нийтэлсэн: Mонголын радио

Европыг зорьсон дүрвэгчид Грекийн цагдаа нартай мөргөлджээ  
Үзсэн: 823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй