Шууд Chart

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулийн өөрчлөлтөө танилцуулав

2020-03-03 17:43:38

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулийн өөрчлөлтөө танилцууллаа. 24 хуудас бүхий энэ өөрчлөлт одоогоор нийтэд ил болоогүй ч, Парламентийн доод танхимын гишүүдийн ярьснаар хэд хэдэн онцлох заалт байгааг хэвлэлүүд мэдээлж байна. Тухайлбал, дэлхийн хоёрдугаар дайнд Зөвлөлтийн байгуулсан үүрэг, оролцоог онцлох зорилгоор өнөөгийн Орос орныг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Улсын залгамж халаа хэмээн тодотгож, Оросын газар нутгийг аль нэг улс оронд шилжүүлэхийг хориглох заалт орж байна. Ингэснээр ОХУ Крымын хойгийг нэгтгэсэн байр сууринаасаа буцахгүй гэсэн үг юм.

Мөн парламентийн эрх мэдлийг өргөжүүлэх, өндөр албаны хүмүүсийг гадаадын иргэншилтэй байхыг хориглох, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг багасгах, Үндсэн хуулийн эрх зүйг олон улсын гэрээ хэлэлцээрээс дээгүүрт тавихаар тусгажээ.

Үүнээс гадна уламжлалт ёсоор зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүс хоорондоо гэрлэдэг байдлыг энэ хуулинд хадгалж үлдэж байгааг барууны хэвлэлүүд онцолж байна. Заалтыг өөрчилж ижил хүйстэй хүмүүс ч гэсэн хоорондоо гэрлэж болохоор тусгах хэрэгтэй гэж Төрийн думын дэд дарга Пётр Толстой ярьсан байна.

Хуулийн төслийг мягмар гарагт танилцуулсан даруйд Дум анхны уншилтаар дэмжсэн байна. Нийгмийн бүх талуудаар хэлэлцүүлсэн хэмээн мэдэгдэж байгаа энэ төслийг ирэх долоо хоногт хоёр дахь уншилтаар хэлэлцүүлэх юм байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины санаачилга 1993 оноос хойших Үндсэн хуулийн анхны өөрчлөлт болох юм. Тэрбээр Оросын улс төрийн тогтолцоог шинэчилж, Үндсэн хуулиа өөрчлөх талаар өнгөрөгч нэгдүгээр сард мэдэгдсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Үндсэн хуулийн өөрчлөлтөө танилцуулав   
Үзсэн: 1167 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй