Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Сайн байцгаана уу миний сайхан Ээжүүдээ!

2020-03-13 16:53:18

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны тусгай байрын шагналт захидал

 Улаанбаатар хотын оролцогч Ч.Нарансоёлын Ээж О.Наранчимэг, О.Оюунчимэг

Сайн байцгаана уу миний сайхан ЭЭЖҮҮДЭЭ!

   “Ээжүүдээ!” хэмээхийн учир нь би ИХЭР сайхан ээжтэйгээ энэ насны амьдралыг туулж яваа хэмжээлэшгүй их азтай хүн юм. Нэг нь тээж төрүүлж ангир уургаа хөхүүлж өсгөсөн ээж, нөгөө нь халуун энгэртээ тэвэрч хайр юугаа шингээж өсгөсөн ээж минь...Хоёр ээж маань хоёулаа оёдолчин. Тиймээс торгонд боолгуулж, тосонд хөрвөөж өссөн хүүхэд дээ би... Хүний амьдрал эрээн бараан, алаг цоохор.  Зовлон гунигтай харамсах түүх олон ч, аз жаргалтай гэрэл гэгээтэй өдрүүд түүнээс ч их байдагт баярлаж явдаг даа.  Далаад оны сүүл, наяад оны эхээр сумын төвийн буйдхан эмнэлэгт бүтэн өдөр, хагас шөнийг дамнан, хорьж болдоггүй хорин насныхаа босгон дээр ургахын улаан нартай уралдан анхны охиноо ээж минь халуун энгэртээ тэвэрсэн нь “би” гэдэг хүн байжээ.  Хүн бүрийн тавилан тэгш дүүрэн байдаггүйн адилаар сумын төвийн тэр л эмнэлэгт ердөө зургаахан сарын дараа өөр нэгэн бүсгүй нярайлж анхны хүүхдээ өлгийдөж авсан нь миний “төрсөн” эцгийн хоёр дахь охин байсан гэдэг.  Эмээ маань хатуу чанд хүн байсан болохоор ээж ”тэр хүн” хоёрын цаашдын амьдралыг “урт наслахгүй” гэдгийг нь мэдэрсэн ч юм уу, зэмлэж удалгүй залуу хосууд бурханы заасан зургаар өөр өөрийн амьдралын зам мөрийг хөөсөн гэдэг. Энэ мөчөөс эхлэн би ээжийнхээ аав ээж дээр буюу өвөө эмээгийнхээ гал голомтон дээрээ тарвалзан, ээжийнхээ нөгөө ихрийн энгэрт эрхлэн өссөн түүх эхэлсэн юм даа. Суманд хийх ажил мундахгүй их. Өвөө маань хурдны морь уядаг, сумын “зууны манлай уяач” нэгэн байсан болохоор зун тараг цагаа боловсруулахаас авахуулаад айраг бүлэх, аргалд явах гээд бусдын л адил хүүхэд нас минь өнгөрч, олон томчуудын дунд “бяцхан зүрх” нь байсан болохоор тэднийхээ хайр халамжин дээр бөмбөрч өслөө. Энэ зуур ээж маань маш сайн хүнтэй гэр бүл болж, гал голомтоо бадрааж, дөрвөн сайхан дүү маань мэндэллээ.  Харин миний “ээжийгээ” гэх хайр улам л хөндийрсөөр...Удалгүй би эмээтэйгээ аймгийн төвийг зорин урлагийн сургуульд шалгалт өгч тэнцлээ. Өвлийн амралт бүрээр нутагтаа ирэхдээ сумын төвийн байранд байх аав ээжийндээ оройтсон ч, цастай шуургатай, бороотой мөндөртэй байсан ч “танайд  хонохгүй” гээд өвөө эмээгийнх рүүгээ гүйчихдэг “этгээд охин” байлаа  ... Ямартаа л эмээ: “Ээжийгээ тэгдэггүй юм, чамайг арван сар тээж, ангир уургаа амлуулсан эрдэнэ шүү! тэгж болдоггүй юм” гэж зэмлэхэд нь хоёр чихнийхээ хажуугаар энэ үгсийг сонссон ч сонсоогүй мэтээр өнгөрүүлдэг байлаа. Цаг хугацаа жамаараа урсаж, би ч их сургуулиа ч төгсөж, албан ажилд томилогдож хань ижилтэй ч болж, амьдрал минь жигдхэн үргэлжилсээн...Хамт амьдраад нэг жил, гурван жил өнгөрлөө. Дүү нарын өхөөрдөм хөөрхөн хүүхдүүд ээлжлэн мэндэлсээр.. Эхлээд их сургуулийн ангийнхан маань бүгд хүүхэдтэй болцгоож, удалгүй арван жилийн найзууд дундаасаа ч торойтол ганцаараа үлдэж, эрт маамаалсан зарим нь өвөө эмээ болж эхэлсэн нь миний хувьд хүүхэд гэдэг “толгойны өвчин” болж хувирлаа. Ашгүй анагаахын шинжлэх ухаан хурдацтай хөгжиж “хуруу шилний хүүхэд” ажилбар Солонгос улсад хийгдэж эхэлжээ” гэдгийг дуулаад ханьтайгаа яаравчлан хилийн чанадыг зорилоо. Маш амархан гэж бодож байсан ч “Хүүхэдтэй болноо“ гэдэг санасныг бодвол маш хэцүү зүйл байдгийг тэр үед “яс махаараа” мэдрэв... Бүх л зүйл нарийн дэг жаягтай, өдөр цагтай, тэр ч байтугай минут секундын нарийвчлалтай байдаг юм билээ. Эхний оролдлого бүтэлгүйтэж, дараагийнх бас тэрний дараагийнх ч бүтэлгүйтэв. Энэ л үед танаасаа мэндэлсэн хирнээ мэндлээгүй юм шиг хэнэггүйтэж, өөрт байхгүй “их зан” ургуулж явсандаа өөрийн эрхгүй харамсах сэтгэл төрж, өөрийнхөө биенээс бие төрүүлж, арьс махаа уран байж орчлонд үрсээ төрүүлдэг ээж таныгаа улам их хайрламаар хажууд нь очоод тэвэрмээр, хэмжээлэшгүй ихээр “ХАЙРТАЙ..” гэж хашгирмаар тийм л их мэдрэмж төрдөг юм билээ.. “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдаан ижийдээ хэлмээр байгаа ч үгээрээ үйлдлээрээ илэрхийлж чадахгүй байгаа тэр л нандин сэтгэлийн холбоосыг яг л миний өмнөөс хэлж байгаа юм шиг мэргэжлийн уран бүтээлчдийн дотоод сэтгэлийн торгон мэдрэмжээр дамжуулан бурхан ижий нарт хүргэдэг хамгийн хүчирхэг гүүр байж чаддаг учраас би энэ бүхнийг зориглон бичиж суугаа юм шүү! Хүн жаргал даадаггүй зовлон даадаг гэдэг. Өвдөөд зовохын цагт, өтлөөд өвгөрөхийн цагт ИЖИЙ бурхан руугаа өөрийн эрхгүй хүн тэмүүлдэг юм билээ. Дэргэд тань, хажууд тань байсаар байтал дэндүү сайхан ээж таныгаа гомдоож дэрийг тань норгож явсандаа чин сэтгэлийн гүнээс уучлал гуйя аа ээжээ! Хоёр ижийгээ холоос зорин очиход яг л нэг хүн “командлаад” ч байгаа юм шиг хоёр зэрэг утас цохиж “Одоо хаана явна, яг хаахна явна” гэнэ. Төрүүлсэн ээж дээрээ эхлээд оччихвол “Хүний хүүхэд хүрэн бөөртэй, намайг ямар тоох биш” гэж тэвэрсэн ээж тунина. Тэвэрсэн ээждээ түрүүлээд оччихвол “төрсөн эхийгээ тоодоггүй хачин хүүхэд шүү” гэж тунина. Хөөрхөн шүү миний хоёр ээж. Хонгорхон хорин насны босгон дээр хорвоод мэндэлсэн охин тань ижий нартайгаа зэрэгцэн өтөлж, ээж байх-ээж болохын нарийн ухааныг олох гэж, өөртэйгөө зовлон нэгтэй гэр бүлүүдийг үрийн заяатай учруулах гэж олон ажлуудыг санаачлан хийж, анх алс холын Солонгос Улсыг зорьж байсан эмнэлгийн удирдлагуудад санал болгож, Монгол улсдаа түмэнд тустай “үр шилжүүлэн суулгах” эмнэлгийг  оруулж ирэх тал дээр идэвхи санаачлага гаргаж, тэд маань ч хүсэлтийг минь таатай хүлээн авч, үүний дүнд олон олон сахиусан тэнгэрүүдийг ижий аавынх нь халуун энгэрт тэврүүлээд байгаа бөгөөд төр засаг маань үүнийг анхааран сайшааж, шинэ оны босгон дээр НЗДТГ-ын Хүндэт жуухаар охиныг нь шагнасан шүү ээжээ!  Алтан наран илч гэрлээ алагчлалгүйгээр бидэнд түгээдгийн адилаар хэзээ нэгэн өдөр хайртай охин чинь яг л та хоёр шигээ ихэр үрстэй болоод, бүгдээрээ халуун дотноор тэврэлдэн уулзалдах тэр л сайхан цагийг мөрөөдөн цаг мөч, хором тоолон хүлээдэг ээ... Гомдсон ч нулимсаа үзүүлэлгүй нууж залгидаг, гутарсан ч гунигаа нууж дээшээ харан алхаж чаддаг, хат сууж хатуу хөтүүг ажралгүй туулж өдийг хүргэсэн ачит сайхан ээжүүддээ Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэе ээ! Жаргаж явах жаран насныхаа босгыг хэдийн давсан ч жавхаалаг харагдах миний сайхан ижий бурхад урт удаан насалж, улам олон ач зээ нараараа хүрээлүүлж, өдөр бүхэн инээдээр цалгиж, өнгөт орчлонг гэрэлтүүлж яваарай! Муу бүхэн та бүхнээс минь холуур байг ээ! ЗӨНДӨӨ ИХ ХАЙРТАЙ ШҮҮ! 

Улаанбаатар хот

 


Ээждээ бичсэн захидал: Сайн байцгаана уу миний сайхан Ээжүүдээ!  
Үзсэн: 2881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй