Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Халуун хайлмагны бяцхан түүх

2020-03-14 15:03:43

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны тусгай байрын шагналт захидал


Увс аймаг Тэс сумын оролцогч Т.Шагдаржавын ээждээ бичсэн захидал

Халуун хайлмагны бяцхан түүх

Намайг аравдугаар анги төгсөх үе бол ардчилал зах зээлийн салхи ханхалсан цагийн байдал ороо бусгаа 1990 он. Картын бараатай, гурил будаа, чихэр үзэм, боов боорцог өдрөөс өдөрт ховордож нарийн нандин эд юм нүдний гэм болов. 1991 оны 10 сарын 15. Намрын хүч муутай огтор шар нар ангийн цонхоор нэвт халж ангийнханыг нозооруулж дараалсан зургаан цагийн хичээлд суусан би нь харих замд өлөн гэдэс нь хур гур дуугарч хонхолзож донхолзсон ширүүхэн дориухан ааширхуу хүн гэрт ороход ээж өнөөдөр миний охины төрсөн өдөр шүү дээ гэж байна. Төрсөн өдрөө таг мартсан  миний нүд ч сэргэж сэтгэлд баяр хөөр төрж гэдэсч улам хонхолзоод явчлаа. Гэвч ээжийн авдарт амттай гоё юмны жоор юу ч байхгүй гэрийн  зүүн хаяанд гадуур нь дандаа асгарч байдаг 50 кг-ын ууттай 1-р гурил тавьдаг дөрвөлжин мод хоосон байх нь аяндаа нүдний үзүүрт ил. Долоо хоног бүрийн бүтэн сайнд арван гурвын түмпэнгээр дүүрэн овоолж чанадаг нэгдүгээр гурилын боорцог  харагдаж үзэгдэхээ болиод аль хэдийн уджээ. Ээжийн тогоо ямар ч байсан зуухан дээр хө. Аргалын жийрүү зөөлөн галтай тогоон дотор юм байх  нь  байнаа.  Ээж нь охиндоо төрсөн өдрийн бэлэг…гээд амандаа тэрүүхэндээ үглэн зуухны амны өмнөх сандлаасаа таягаа тулан өндийж тогооны таг  авахад намрын даргар шинэхэн өрөмний сайхан үнэр сэнхийж шар тос хальсан шаргал хайлмаг хачин гоё харагдав. Намайг халуун хайлмагт их дуртайг ээж мэдэлгүй яахав. Аавын улаан ваараар дүүргэж аягалаад надруу дөхүүлж галын өр голлож хүндтэй суусан миний өмнө тавихад би нэг халбагадаад чихэргүй муухай байна гэж голоод уурлаж уурандаа бугассан амьтан галын өрөө өшиглөж тийрээд хойш савж унаад уйлав Аав ээж хоёр юу ч хэлсэнгүй. Төд удалгүй том эгчийн дөрвөн жоохон ээжтэйгээ хамт шуугиж орж ирээд хайлмагны  учрыг дор нь олчив бололтой.1992 оны хавар эхний улсын шалгалтаа өгчихөөд гэр лүүгээ бас л гэдэс хонхолзсон хаврын арай гэж онд орсон төлөг шиг амьтан гэлдэр гулдир гээд алхлаа. Цаг төрийн байдал бүр ч сайнгүй хаврын тарчиг цаг дээрээс нь Тэсийн хар халуун,шумуул бүүр ч хэцүү. Нимгэн цамцны цаагуур халуун салхи үлээж гэдэс бараг ар нуруундаа наалдах нь. Дэмий л баруун гараараа гэдсээ дараад алхаагаа хурдасган сургуулийн хашааны булан тойрох гэж яарав. Өө  өө хөөрхий Ээж.  Энэ халуун наранд даралт нь ихэссэн дээ яанаа гэртээ л байж байхгүй дээ намайг юунд нь харуулдаад байдаг юм. Тэр жил том ахын өгсөн цайвар цэнхэр даашинзаа өмсчихсэн удаан хүлээж байгаа нь илт урагшаа бөгтийн  хоёр гараараа улаан таягаа тулан зогсож байна үхрийн хашаан дээр. Жимбийтэл дээрээ овоолж самнасан ямар ч хар үлдээгүй цагаан үсэнд нь өдрийн хурц нарны гэрэл ойж мөнгөлөг цагаан үй олон цасан ширхэг шиг оч тал тал тийш туяаран бутарч нүд гялбах нь ер бусын гоо үзэмжээр ээжийг минь чимж  төсөөлөхийн аргагүй сайхан мэдрэмж сэтгэлд төрж зүрх оволзон догдолсоор ээжийнхээ гараас хөтлөн доош буулгав. Шалгалтаа онц өгсөн би ч урамтай. Миний царайнаас мэдсэн бололтой ээж ч баяртай. Ээж нь хайлмаг хийсэн гээд хоолны шкафаа ухаж нөгөө аавын улаан ваараар  дүүрэн хайлмаг гаргаж ирлээ. Миний намрын цамаан зан хумхын тоосонд сураггүй хөөгджээ. Би ч амаа олохгүй үмхээд авлаа. Ээж ээж гоё байна ээ амттай байна ээ гэж эв хавгүй чанга дуугаар эрэгтэй хүүхэд шиг гэрээр нэг инээв. Арвич нямбай юмыг бага багаар цааш хадгалж сурсан зангаараа ээж маань намайг сургуулиа төгсөхөд нь дуртай хайлмагийг нь дахин хийж өгөхөөр элсэн   чихэр хадгалжээ. Ээжийн минь тэр жилийн хоёр дахь хайлмаг надад их ухаарал бэлэглэсэн юмдаа.  Эх хүний сэтгэл мөнхөд үр  хүүхдүүдийхээ төлөө зориулагддаг халуун хайр байдаг шүү гэдгийг яс махандаа шингэтэл ойлгосон. Арван найман настай өсвөр насны охинд эхэлж болсон ч элээж туулах ээдрээтэй нарийн нандин учир шалтгаан ихтэй хувь тавилангийн замд ямар өнгийн Жанжин шугам татаж урагшлах вэ гэдэг амьдралын эгэлхэн үнэ цэнийг оюун санаа зүрх сэтгэлд минь үүрд суулгаж өгсөн юм. Тэр үнэ цэнэ бол 1992 оны 6 сарын  8 өдрийн өөхөн тосонд хольсон элсэн чихэртэй хоёрдугаар гурилын хайлмаг байв.

Ээжээ

Таны минь сийрэг ухаан охины толгойд өвлөгдсөөн

Таны минь зөөлөн төрх хүүгийн зүрхэнд нуугдсаан

Таны минь халамжлах арга миний гарт орсоон

Таны минь хайрлах сэтгэл  нөхрийн харцанд нэвчсээн

Таны минь хайлмагны үнэр манай гал тогоонд шингэсээн

Таны минь арвич хямгач зан манай авдарын ёроолд унасаан

Таны минь найрсаг буян заяа манай гэрийн хойморт дэлгэрсээн

Ээжээ та мөнхөд миний дотор байдаг шүү. Хайртай шүү,Үнсий. 2020-2-29- ний билэгт сайн өдөр


Ээждээ бичсэн захидал: Халуун хайлмагны бяцхан түүх  
Үзсэн: 2134 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй