Шууд Chart

Ээждээ бичсэн захидал

2020-03-14 09:13:21

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны тусгай байрын шагналт захидал

УБ хот, Монгол 3 дугаар сургуулийн 11 дүгээр ангийн охин М.Энхжин ээждээ захидал бичжээ

 

Ээждээ бичсэн захидал

Сайн байна уу, ээж таньдаа энэ захидал очих өдрийн мэнд хүргэхийн ялдамд удахгүй болох олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг хүргэж,намайг төрүүлж, өдий болтол өсгөсөнд талархан мэхийн ёслоё. Гэхдээ энэ удаад би таньдаа нээх тийм сайн мэдээ дуулгаж чадахгүй нь дээ. Багаасаа эхлээд өвөө, эмээтэй өссөн болохоор тэдэнтэй л бүх дурсамжаа хуваалцсан юм шиг санагддаг. Намайг өдий ахлах ангид орсон хойно та гэртээ эргэн ирж байгаа болохоор энэ хугацаанд яг яаж байсныг бараг л мэдэхгүй дээ. Мэдээж та сайн гэсэн эерэг бүхнийг л нь сонссон байж таараа. Багын дуртгалаас үлдсэн нэг зүйл нь аавгүй болохоор аавгүй гэж дуудуулдаг байж байгаад таныг хоёрдугаар ангид яваад өгөхөд аавгүй хүн чинь бүр ээжгүй болж байгаа юм шиг л санагдсан.Нэг хэгжүүн охин  “тээр харав уу, одоо ингээд ээж чинь яваад өглөө. Өнчин хүүхдүүд ийм байдаг юм шүү дээ. Чи мэдэх үү? ”гээд л ёстой тэр үед л анх гол харлаж, тэгж аймар сэтгэлээр унаж, аливаа зүйлсийг эргэцүүлэн бодож үзсэн үе байх даа. Хүнд тэгэхдээ иргээд харахад их л сэтгэлээр дүүрэн жаргалтай байсан аль эсвэл тэр гүн харанхуй гээч зүйлд нь унаж байгаа тэр хоёр үе л хүний сэтгэлд хоногшдог юм байна. Хэдий жаргалтай үе нь их байсан ч тэр л ганцхан үг санаанаас салж, бодлоос гарч өгдөггүй нь харамсалтай. Эцэг эхийн хурал дээр хүртэл бусад хүүхдүүдийн аав ээж нь ирж суудаг байлтай. Манайхаас ихэнхдээ хүн очихгүй, заримдаа өвөө очно. Өвөө очихоороо баахан том, загнаж зандирч бүүр шуугиан тариад гарч ирнэ. Заримдаа ямар аймар ичдэг гээч. Өвөөтэй гадуур хүртэл явахад байнгын сандралтай, намайг чинь ингэ тэг гээд бүүр нүүр хийх газаргүй болгодог. Миний хэлж буй үг, үзэл бодлыг ер нь сонсож байсан удаа байхгүй дээ. Түрүүлж загнихаа л боддог. Надаас төгс байхыг шаарддаг юм шиг. Ганц хичээл дээрээ 91 авахад хүртэл чи 95-с дээш сурах ёстой гэж зандарч байсан. Надад бүр 3,4 магадгүй тэрнээс ч илүү удаа намайг зодож, гарч хүрч байсан байх. Тэр үед үнэндээ л хэнд хандахаа мэдэхгүй байдаг байсан даа. Ээж ингээд ирэхгүй юм болов уу? гээд л мөн ч их хүлээсэн дээ. Заа тэгээд багын дурсамж, эцэг эхийн хайрыг аль алийн мэдэрч чадаагүй өвөө, эмээгийн бөөн хэрүүл шуугиан, хүнийг зодож болдог гэдгийг сурч авсан тийм хэрцгий бага нас байсан юм шиг ээж ээ. Энийг одоо л таньд хэлэхийг хүслээ. Би маш их тэвчдэг байсан. Мөнгө төгрөгний хувьд өвөө надад хангалттай өгдөг байсан. Даанч надад хүүхэд насны минь хайр, халамжыг мэдрүүлж чадаагүй юм аа ээж ээ. Би ч тэр үед бага байсан ч гэсэн, энэ бүх зүйлийг санадаг бүүр ой ухаандаа. Тэгээд намайг эмээ хүртэл аав чинь угаасаа хаяад явсан, чи төрөх ёсгүй байсан. Азаар төрсөн л дөө, муу заяагүй амьтан ,эхээ зовоосон ,эхийнхээ цусыг юүлдэг охин ухааны бүүр жоохон хүүхдэд яаж тийм юм хэлдэг байсан юм бэ?гэмээр.Хаа очиж би ном их уншдаг,аливаа зүйлсийг эргэцүүлж боддог хүүхэд байсан болохоор нулимсаа хоолой руугаа чихэж,нусаа хамарлуугаа сордог тийм л хүүхэд байсан.Энэ зүйлийг л хэлэхийг хүслээ.Гэхдээ ингэж өссөн гээд би харамсаад,гутраад,шаналаад байгаа юм биш ээ.Зүгээр л таныг мэдээсэй гэж хүссэн юм.Хүүхэд нас ямар нандин,гэнэн,цагаахан байх ёстойг л ойлгосон.Ирээдүйд би өөрийн хүүхдүүддээ яг юу ярих болоо гэж хаяа боддог л доо,үгийн баялагаа л ашиглаж жоохон хэтрүүлэг хийнэ гэж боддог доо.Магадгүй би зовлон гэж байдгыг мэдсэн болохоороо өөрийгөө одоо илүү жаргалтай явна гэж итгэдэг.Зовлонгүй жаргал гэж байдаггүй гэдэг шүү дээ.Надад тэр их жаргалыг амтлуулахын тулд хүүхэд насыг минь бага зэрэг бараан болгож өгсөн байх гэж бодон дуртгалаа өнгөлөн далдащлалт хийж сэтгэлээ чимдэг.Гагцхүү энэ захидал дээр таньдаа зориулж олон юм бичмээр байвч хоёуланд нь хамтдаа өнгөрөөсөн тийм гоё нандин дурсамж үнэхээр байдаггүй юм байна.Эсвэл миний сэтгэлд үлдээгүйгээс ч болсон байж магад.Та надруу зургаа их явуулдаг байсан даа.Киноноос л харж байсан шиг солонгосын ядарч ,зүдэрч байгаа хүмүүс загас,махны үйлдвэрт ажилладаг харагддаг.Яг тэрэн шиг та надруу загасны үйлдвэрт ажиллаж байгаа зурагнуудаа явуулахад өөрийн эрхгүй дотор минь чимчигнэж,тэр л үед ээжийн нандин холбоосыг мэдэрч билээ.Ажиллаад ядарсандаа туранхай болчихсон,тэр дундаас таны инээсэн инээхээрээ нүд нь улам бүлтийдэг тэр дүр зураг сэтгэлд тодхон санагдаж байна.Гадаадад бол хүний нутагт харь хүмүүсийн гар хөлний үзүүрт зарагдаж,алив байдаг бүх хүчээ шавхан зүтгэж гагцхүү тэр их хөлсөө миний төлөө урсгадаг байсан гэж бодохоор би ч азтай гэж хэлэхэд хэтэрхий багадах бүүр дэлхийн ямар ч үг энэ мэдрэмжийг тодорхойлж чадахааргүй үнэхээр сайхан эхээс төржээ гэж сэтгэлийн тэр огшидог хэсгээсээ гаргаж хэлмээр байна.Надаас юугаа ч харамладаггүй,дэлхийн бараг хамгийн худалч хүн гэж таныг хэлвэл болох байх аа.Өвдсөн үү,даарсан уу гэж асуухад байнга л “үгүй”гэж хариулдаг их л худалч хүн шиг санагддаг шүү та.Даанч би гэж мангуу энийг хожим хойно ухаарсан билээ.Бусад хүүхдийн ээж хүүхдээ зарж ийм тийм юм хийлгээд,гэр орно цэвэрлэ гэж зандардаг гэлтэй.Миний ижий намайг алив суу миний охин хичээлээ хий ,ээж нь цэвэрлэчихэе гээд урдуур хойгуур түнтэгнэж явдаг.Бас л миний дөнгүү толгой үүнийг түрүү л ойлгосон доо.Яг л хүүхэд насыг минь залруулах гэж ирсэн дагина гэлтэй.Бүх л гоё ганган бүхнээ надад зориулж,намайг бөөцийлж,хүссэн бүх юмыг минь авч өгч байхдаа миний охин өөрөө мэд дээ гэдэг ганц л үгийг хэлдэг тэр л монголын сайхан эмэгтэй миний ээж шүү дээ.Тийм ээ та,та шүүдээ.Гэхдээ би ээждээ нэг ч удаа “хайртай шүү ,баярлалаа “гэж хэлж байгаагүй байх.Хүн чинь яг эдгээр үгсийг хэлэх болохоороо дотроос нэг сонин мэдрэмж зулгаагаад байдаг юм байна лээ шүүдээ.Хамгийн гоё зүйлсийг хамгийн багаар өгдөг гэдэг шиг...Ээж минь жилд ганцхан болдог ээжүүдийн баяраараа ч гэсэн өөрийгөө хайхралгүй зөвхөн намайг л зөв боловсон хүн болгохыг л чармайдаг билээ.Үүрээр босоод даарахаа ч мэдэхгүй ажилдаа гарч,тэр их ажлын хажуугаар надруу инээмсэглэсэн зургаа явуулж,миний төлөө зүтгэж байсан болохоор би таныгаа амьд бурхан гэж боддог болсондоо.Бүүр ямар сайндаа,би ээжүүдийн баярын маргааш нь төрсөн гэж бодохоор бүүр төрөөгүй байхдаа хүртэл ээжийгээ баярын тэмдэглэхээс татаж,зулгаан барин өөрөө төрөхийг хүүсэн байгаа юм.Магадгүй эмээгийн хэлдгээр эхийгээ зовоох  санаатай төрсөн гэдэг үнэн ч байх талаар боддог юм.Баярыг тань тэмдэглүүлж чадаагүй бол уучлаарай,охиныгоо.Нулимсыг тань үзэж,хөлсийг тань урсган,хөлдөө тэнхэлгүй,гартаа барьцгүй болтол тань ажиллуулж,зовоосонд уучлааарай,охиныгоо.Төрсөн эцэг эх хоёрыг тань зовоож,уурыг нь хүргэн,зодуурын амт авсан намайг уучлаарай.Одоо л энэ үгийг хэлэхгүй бол хэзээ ч зөв цаг нь биш байх гэж бодлоо.Хайртай шүү.Юу юунаас илүү,бусад бүх бодол зовлонгийн тэр амтууд та байгаа болохоор л надад жаргал мэт санагддаг.Надад та байхад л хангалттай ,ээж ээ.Энэ дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй ээж таныхаа үр нь болж төрсөн би хамгийн азтай.Ээж ээ! Хоёулаа нар,агаар хоёр шиг үргэлж хамт байя.Та намайг гэрлээрээ гийгүүлж ,би таньд таны үлдсэн амьдралын утга учир,сэтгэлийн өчүүхэн бэлгээ өгөх болно,гэдгээ амлая.Би таниас өөр нээх зүйл хүсэж шаардахгүй ээ.Бага балчирын минь алив зүйлийг өнгөц боддог ахархан сэтгэлийг минь уучилж,өршөөл эрье.Миний ээж хамгийн үзэсгэлэнтэй,сайхан сэтгэлтэй,нүднээс нь асгарах нулимыг нь хүртэл хайрламаар тэр л хүн миний ээж.


Ээждээ бичсэн захидал  
Үзсэн: 6739 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Цэкккү [127.0.0.xxx] 2024-01-27 15:36
Сайхан шүүү......
Зочин [127.0.0.xxx] 2022-10-29 12:25
Мундаг охин байна амжилт хүсьe.

Бидэнтэй нэгдээрэй