Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Сайн байна уу? Ээжээ

2020-03-16 15:50:29

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

Нийслэлийн 44-р сургуулийн 5Ё ангийн сурагч Н.Мандахбаярын ээждээ бичсэн захидал

Сайн байна уу? Ээжээ

Мөрдөс зүүсэн цэргийн хувцастай ээждээ амрыг эрье гэж мэндчилмээр байна.

Би ээждээ энэ захидалыг бичих гэж 3 жил бодлоо. Тэгээд зориг гаргаад бичихийг хүслээ.  Намайг Мандахбаяр гэдэг. Би одоо 10 настай , 3 дүүтэй айлын том хүү. Аав ээж маань цэргийн хүмүүс байдаг юмаа. Бид 6-уулаа  амьдардаг.

Миний ээж хатуу чанд сахилга бат, дэг журамтай эмэгтэй хүнд дэндүү их хүндэдсэн хэцүү ажил хийдэг ч гэсэн би ээжээрээ маш их бахархдаг юм. Ноднин мөрдөстэй эмэгтэйчүүд гэдэг нэг чуулга уулзалт болоод тэр үед би ээжийгээ дүрэмт хувцастай нь жагсаж явахад Сүхбаатарын талбай дээр  харж билээ. Цэргийн хувцас өмссөн эмэгтэй хүмүүс их гоё харагддаг юм байна лээ. Тэр дундаас миний ээж хамгийн сайхан нь байсан. Яагаад гэвэл миний ээж Афганистан, Судан гээд цэргийн ажиллагаанд зөндөө явсан болохоор энгэрээрээ дүүрэн медаль зүүгээд үнэхээр бахархамаар харагдаж байсан. Энэ миний ээж гээд би найзууддаа ямар олон удаа харуулсан гээч. Гэхдээ миний бодлоор ээжид  маань байдаг медалууд дотроос хамгийн гоё нь юу гээч ээжийн маань Эхийн одонгийн тэмдэг. Энэ тэмдгийг бид 4-ийг  төрүүлж,  сайн хүмүүжүүлсэн гэж төрөөс өгсөн хамгийн үнэтэй медаль юм байна лээ. Ээж маань энэ медалдаа их хайртай. Заа энэ ч яахав. Ээжийнхээ тухай бичсэн чинь ямар гоё байна гээч. Нүд маань сэргээд  нойр ч хүрэхгүй ёстой гоё байна.

Гэхдээ ээж маань биднийг өсгөх гэж хичнээн их зовдог гээч. Дүү нар маань жоохон учраас байнга л ажил, гэр гэж гүйж явдаг. Ажил нь ерөөсөө тараадаггүй. Орой ажлаасаа ирэхдээ бидэн рүү байнга яарч, гүйж ирдэг байхаа. Дандаа л хөлөрсөн яарсан ирдэг. Ирэнгүүтээ л бид нарын хоолыг хийгээд л  хувцас хунар угаагаад, гэр цэвэрлээд л ээж маань өвдөх ч эрхгүй, үхэх ч эрхгүй юм шиг санагддаг юмаа. Бид 4 таньдаа хичнээн их хайртайг та одоохондоо мэдэхгүй байгаа байх. Яагаад гэвэл бид 4 арай л жоохон байна. Тун удахгүй ээжийнхээ ачийг хариулахаар том том залуучууд болно. Та минь жоохон л хүлээчих.

Дэлхийд маш аюултай өвчин гарсан гээд бид 4 гэртээ 2 сар болж байна. Аав ээж хоёр бид 4-ийг цоожлоод л явчихаад байгаа. Хааяа мэдээ үзэхээр 2 хүүхэд гэртэйгээ шатсан эсвэл 3 охин гэртээ тогонд цохиулж нас барлаа гээд аймар мэдээ гараад л байсан. Аав ээж хоёр маань ажилтай болоод цоожлоод л яваад байгаа. Бид нар гэртээ их л томоотой байгаа. Гэхдээ л өдөржингөө гэртээ байх хэцүү байна. Ядаж хүүхдүүд нь гэртээ байгаа гээд ажил нь ээжийг маань эрт тарааж болдоггүй юм байх даа. Бид нарын төлөө төр засаг маань яг юу хийдэг юм болоо. Би ч сайн ойлгохгүй байх л даа гэхдээ л......

Ээжээ бид таньдаа маш их хайртай шүү. Та минь бидний шүтээн юм шүү. Би эмэгтэй хүнийг шүтдэг, би эх хүнийг шүтдэг, би ээжийгээ шүтдэг гэсэн тэр шүлгэнд ямар дуртай гээч. Миний бичсэн шүлгийг ээжид маань заавал хүргэж уншуулаарай. Дүү нар маань хүртэл хэлж  чадахгүй л болохоос надтай санал нэг байгаа шүү ах эгч нараа. Надад ийм боломж олгосон ээждээ захидал бичээрэй уралдаанд баярлалаа.


Ээждээ бичсэн захидал: Сайн байна уу? Ээжээ  
Үзсэн: 6256 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй