Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Таван рубль

2020-03-22 14:55:55

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

АРСЛАН ОВОГТ СОДНОМДАРЖААГИЙН АЛТАНЦЭЦЭГ БАГА НУУР 1-Р ХОРОО

Таван рубль

Ээжээс авсан бүхэн ямар үнэ цэнэтэйг ухаарч ойлгодоггүй гэнэн насны минь дурсамж. Оюутан болж,  сурч байгаа нэрийдлээр эцэг эхээсээ аль өнгөтэй өөдтэйг нь авч үрж байдаг цаг.  Ялангуяа ээж маань нууж хааж, өмөөрч үглэж байгаад л өөрт байгаа, бас өөрт нь байхгүй ч яаж ийгээд олоод өгдөг.  Хариу нэхэж байгаагүй ачтан байж, хаяж үрэгдүүлнэ хайхрахгүй орхино голж гомдооно. Одоогийн ярьдагаар ямар тансаг байсан юм бэ, Энэ олон бэлэг  өглөгийн дотроос хилийн чанадад сурч байхад ээжийн маань посылкоор өгүүлсэн ”Орос –Монгол толь бичиг” хэмээх ном түүний зузаан кардон хавтасыг зүсэж нямбай хавчуулсан 5 рубль одоо ч сэтгэлд тод байна. Яагаад вэ гэвэл хамгийн их өлссөн, нутаг орноо ээжийгээ санаж байхдаа олсон юм. Нэгэн удаагийн илгээмжээр бор цаасанд нандигнан боосон юм ирлээ, Задалтал ээжийн захиа ном,дурамжхан үзээд цааш нь тавьж орхиод мартаж,Урьд нь илгээмж ирэхэд цагаан сарын тавагны хувь болох ааруул, хатчихсан боорцог, цагаан тос өрөмний тос боорцог аарууланд шингээд ямар амттай болдог гээч  тэгээд ёотон цаас нь мултраад хоорондоо наалдчихсан ганц нэг чихэр чухам л амттаны дээж ирдэгсэн.

Гэтэл энэ удаа ердөө л ном сургаалаа хайрласан захидал,Хүний нутгийн хаврын урт өдрүүд уйтгартай үргэлжилж,заримдаа хоосон ходоод хон  ён дуугарч хичээл хийх ч түвэгтэй санагдаж,муу бор гэр минь хоол чанаад уудалдаг 2 талдаа сэнжтэй том хөнгөн цагаан сав, аяганууд тойруулж тавьчихаад нэрээр нь дуудан дүүрэн дүүрэн аягалж өгч байгаа ээж минь харагдсан нэгэн өдөр, Нөгөө цааш нь тавьсан номоо гаргаж ирлээ. Дэмий олдохгүй хоол бодолж байснаас ганц нэг үг цээжилж сууя гэж бодоод хавтасыг нь эргүүлтэл зузаан хөндий юм шиг санагдаад саваагүйтэн  жонхуугаар наасан хуудсыг аятайхан хуултал кардон хавтас хөндий дотроос нь нэг юм цухуйж байв Сугалаад гаргаад иртэл 5 рубль,, ЭЭ аз гэж энэ ээж маань зүгээр нэг ном өгүүлээгүй байж. Баярласан гэж жигтэйхэн над шиг баян хүн тэр үед байхгүй байлаа. Өрөөний охиноо дагуулаад гадагшаа гарлаа. Хамгиийн түрүүндойр байсан “Булочка и хлеб” дэлгүүр орж 4 ширхэг корчик\ цагираг боов\ авч идлээ. Цаашаа явж зургаа авхуулж буцахдаа 1 лааз загасны консерв, талхны хамт аваад ирж билээ. Тэр үед ээжийнхээ  амьтан хүн хил гаалиас нууж явуулсан  5 рублийн үнэ цэнийг дутуу л ойлгож байсан байхдаа. Харин одоо өөрөө ээж  бас эмээ болсон хойноо нэхэн санахад ээжийн минь хайр агуу байсныг ойлгож байнаЭэжийгээ дурсахад хажууд минь суугаад толгойг минь илж аргадах шиг, алдсан алдааг минь өөртөө үүрч ачааг минь хөнгөлөх шиг, заримдаа уйлж суух нь харагдах шиг, үр хүүхэд ач зээгээ тойруулж бужигнаж байхад баярлаад инээж байх шигсанагддаг даа. Амьд бурхан ээж минь хажууд байхад амьдрал бүтэн, ёстой л дундуур дүүрэн байдаг юм байна.


Ээждээ бичсэн захидал: Таван рубль  
Үзсэн: 2975 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй