
Бүгд Найрамдах Турк улсын Самсун хотод өнгөрсөн сарын 28-30-нд жүдо бөхийн "Grand Prix 2014" тэмцээн болж манай улсаас Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Г.Дашдаваагаар ахлуулсан залуучуудын шигшээ багийн эрэгтэй найм, эмэгтэй зургаан тамирчин оролцов.
Манай тамирчдаас 60 кг-ын жинд М.Ганболд шагналт долоодугаар байр, 66 кг-ын жинд Д.Алтансүх шагналт тавдугаар байр тус тус эзэлжээ.
Дэлхийн жүдо бөхийн холбооны чансаагаар хоёрт ордог томоохон тэмцээнүүдийн нэг ба энэ удаагийн тэмцээнд 44 орны 470 орчим тамирчин оролцжээ.
Манай эмэгтэй тамирчид өнөөдөр нутаг буцаж байгаа бол залуучууд Герман улсын Берлин хотноо зохиогдох олон улсын хамтарсан бэлтгэлд оролцоно.
Мөн Бүгд Найрамдах Унгар улсын нийслэл Будапешт хотноо гуравдугаар сарын 26-29-ны өдрүүдэд зохион байгуулагдсан хөнгөн атлеткийн ахмад мастеруудын (World Master Athletics Championships indoors-WMACi 2014) дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бөөрөнцөг, жад зээрэнцэгийн төрөлд Монгол Улсаа төлөөлөн оролцсон 76 настай тамирчин Төмөрбатын Цэрэндолгор төрөл бүрдээ тэргүүлэн гурван алтан медаль авлаа.
Т.Цэрэндолгор нь Монголын хөнгөн атлетикийн туршлагатай тамирчдын нэг бөгөөд өмнө нь Бразил, Европийн олон оронд зохион байгуулагдаж байсан тэмцээнүүдэд эх орноо төлөөлөн оролцож алт 12, мөнгө 21, хүрэл 9, нийт 42 медаль хүртэж байсан байна. Тэрээр Мастеруудын Дэлхийн тоглолтын аварга, Ази тивийн 11 удаагийн аварга, Ази тивийн рекорд амжилтыг долоон удаа шинэчлэн тогтоож чадсан манай шилдэг ахмад тамирчдын нэг юм.
Монгол Улсаараа овоглосон 209 дугаартай Т.Цэрэндолгорын оролцсон дээрх Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 72 орны 426 ахмад мастерууд оролцон эр зориг, тэсвэр хатуужил, хурд хүчээ сорин уралдлаа.
“Алс холын Монгол орноос олон мянган бээр газар туулан ирж оролцоод дараалан гурван алтан медаль хүртэж байгаа нь гайхамшиг. Танай орны өндөр уулс, эрс тэрс уур амьсгал, баатарлаг уламжлал нь ийм гайхамшигтай сайхан тамирчныг төрүүлэн илгээж Дэлхийн мастеруудын тэмцээнийг улам сонирхолтой болголоо” гэж Дэлхийн Хөнгөн атлетикийн мастеруудын Холбооны ерөнхийлөгч Стан Перкинс манай тамирчны үзүүлсэн амжилтын талаар ЭСЯ-ны ажилтнуудад онцлон хэлсэн байна.
Ахмад тамирчин Т.Цэрэндолгор Дэлхийн шилдэг тамирчны хувьд Бельги улсад зохион байгуулагдах Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Будапешт хотоос Брюсель хот руу мордлоо.
Эмэгтэй тамирчид өнөөдөр нутаг буцна | ||
Үзсэн: 1545 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.