Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: "Нулимсны хүүрнэл”

2020-03-30 16:32:16

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

Архангай аймгийн Чулуут сумын иргэн Чойдог овогтой Чойбатзэвэг

"НУЛИМСНЫ ХҮҮРНЭЛ”

Тэр өдөр хичээл их л оройтож тарлаа. Харанхуй гудамнаас айн ширвээтэн ийш тийш хартал хажуугаар сургуули йн манаач Тулга, аа ах зөрөн өнгөрөв. Сандран араас нь хамаг тэнхээгээрээ "хүүе Баттулга ахаа" гэж дуудлаа. Эргэн хараад зогсоход гүйн очив.

Та намайг гэрт дөхүүлээд өгөөч. Би харанхуйгаас жаахан айгаад байна. Тулга,аа  ах тэгье, ээ хэмээн дуугарав. Бид хоёрыг сургуулийнхаа булангаар тойртол гэнэт өмнөөс ноорхой хувцастай ядруухан эмэгтэй халз тулгарах нь тэр.

Өнөөх ядуу хүн намайг харснаа цочин, харц нь дальдарч хурдан гэгчээр булан тойрон эргэв. Цааш хэсэг алхаснаа  гэнэт зог тусаж "Ээж", "Ээж" гэж чанга хэлсэнд Тулга,аа, ах.

Ээжээ. Би ялимгүй сандарч:

Өө, зүгээр санаанд нэг юм бодогдоод буруу ярьчихлаа гэхээс өөр үг хэлсэнгүй ээ.

Нэг л мэдэхэд орцны гадаа ирчихсэн байлаа.

За баярлалаа сайхан амраарай гээд гэртээ оров. Гэвч сэтгэл нэг л тогтож өгөхгүй намайг зовоосоор "ээж", "ээж", "миний ээж" гэж амандаа үглээд:

Мөн байсан. Би тэр харцийг хэзээ ч мартахгүй гэж өөртөө шивнээд:-Архинаас сольчихсон гэж үү? Очиж, очиж архинаас шүү хэмээн зурвасхан бодолд дарагдан зогслоо. Тэгээд ширээнийхээ ард суугаад үзэг цаас авч шууд л бичиж эхэллээ. Өөртөө хэдий их гайхсан боловч бичсээр л байлаа.

"Сайн байна уу, ээжээ. Ээжээ ч гэж дээ? танил эгч минь. Зургаахан настай байхдаа таныг би хоёр удаа л зүүдэндээ харсан. Хэн нэгэн таныг заагаад"-хүү минь энэ хуучин хүрэмтэй хүн чиний ээж гэж хэлж байж билээ. Нулимс ээдүүлсэн уйтай энэ хорвоод би ямар хатуу хувь тавилантай төрөө вэ? Алиман сар, алтан нарны дор "ээжгүй хүүхэд" хэмээх нэр зүүж өссөн шүү?

Одоо ч амьдралын нугачаанд бүдчин явахдаа "ээж" гэх гуравхан үсэгтэй үг атлаа орлуулшгүй ачтай хүнийг үгүйлэн, санагалзаж, харуулдан, харуусал, гуниг тээж өслөө. Зарим хүүхдүүдийн ээж цагийн эрхээр орчлонг орхисон байтал миний ээж хаа нэг газар амьд сэрүүн атлаа алаг үр намайгаа хайхарсангүй хаяжээ. Сэтгэл харанхуйлж байна. Тэгэхээр би өөдгүй хаягдмал үр болох нь.

Та намайг хундага дарснаасаа ч хувь дорд үзлээ гэж үү? Шилтэй архи цалгих дуунаас шингэн дуутай үр миний хувь заяаны цөхрөл, гомдол сонсогдохгүй байна уу? Айлын хүүхдүүдийн "ээжээ" гэж дуудах тэр л агшинд атгахан зүрх шимширдэг шүү. Яагаад намайг орхив гэдэг асуултын тэмдэг өвчүү чээжийг урж сэндийчих шиг болдог юм. Олон, олон жилийн урсгалд олны дундаас таныг л харуулдан хүлээхдээ бусдын нүднээс нууж урсгасан нулимсаа үг болгон зангидаж өнчин хүүгийн нулимсны өчлийг бичиж суухад танд гомдох цөхрөлийн дусал хүний зовлонгийн далайн нэмэр болж байна.

Хүний хүйтэн харцанд үрээ өртүүлж орхисондоо ээж та өөртөө гомддоггүй гэж үү? Би өдөр өдрийн нар салхинд гандах энгэрийн ганц хайлаас адил болжээ. Өөрийгөө харахаас зүрх шархирах юм. Таныг бодсон сар өдрүүдийг намрын навчис, өвлийн цас, хаврын салхи, зуны бороотой хамт сэтгэл дундуурхан гунигтайхан үдэж суунам. Намайг орхиод явсан тэр өдрөөс эхэлж миний хоолойд өнчин нулимс зангирч, сэтгэлийн хоймор, таны нөмөр дулаанаар дутаж үлдсэн.

Одоо ч та архи сархадыг илүүд үзэж, жүнзтэй дарсны амсар нүцгэлж, сэтгэлд хурсан бухимдалаа тайтгаруулдаг гэж үү ээжээ. Би өөр хүнтэй ханилсан ч таныг хэзээ ч мартаж чаддаггүй юм. Би одоо эмэгтэй хүний нөхөр болж жирийн л айлын ноён нуруу, үрийнхээ аав болсон. Гэвч сэтгэлдээ нил хар гуниг тээдэг. Тэр л гуниг модноосоо тасарч ойчоод унах навчсын шивнээ зүрх цочруулж, гэнэ гэнэхэн таныг минь санагдуулдаг. Нууранд хорогдон зэллэх шувуудын чимээ үсийг сорлож, насыг нэмэх тоолонд ээж таныг ирэх болов уу? гэж цонх ширтэн хүлээдэгсэн. Бага байхад зулайг үнэрлэж тайтгараагүй ч одоо хүү дээрээ ирж зулайг үнэрлэж, энгэр чээжиндээ эрхлүүлж хамт байгаач. Өдөр бүр таниар дутан гунирхаж, шөнө зүүдэндээ бэтгэрэн нулимстай унтах хүүдээ ирээч дээ.

Нулимс ивлэгэж, таныхаа зүг рүү хүү чинь уйлдаг

Нууцхан нулимс унагаж хүүгээ та санадаг уу? Ээжээрээ хөтлүүлэн инээд асган алхах үеийнхээ хүүхдүүдийг харахад зүрх ганцаардаж, гашуудалтайхан мэгшдэг. Хүний харцны аясаар амьд явах ямар хэцүү байдаг гээч, халаасны өрөөнд амьдрахаас ч илүү хэцүү юм ээжээ. Зүрхнийхээ голд хүү би ганцаараа үлдсэн гэж үү?. Зүүдний манангаа туучин сар хөрвөөсөн шөнө дөлөөр тань руугаа санаашран тэмүүлэх юм.

Намрын ангир нулимс арчиж нислээ

Хүүгийнхээ дэргэд ээж та үгүй

Гэгээвчээр болор туяа гуниг задалж асгарлаа

Таниараа дутсан би зүүдээ хулжаан сочин сэртхийлээ

Гандсан навчис халаасандаа хийгээд тэнгэр ширтэхэд

Тогорууд хүртэл хосоороо нисхийм ээжээ

Дорны урсгал одод хүлхэж хонох тэр шөнө та

Гунигийг минь гишгэлэн хүүдээ ирээрэй...

Ундааны сав цуглуулаад гудамжинд архи уугаад сууж байсан ч хамаагүй би таниасаа ичингүйрэн нүүрээ буруулахгүй. Яагаад гэвэл та миний ээж шүү дээ.

Би бичсэн захидлаа олон дахин уншлаа. Тэгээд гэнэт нямбайхан эвхэж эхэллээ. Гурвалжилан нугалаад цаасан онгоц хийчихэв.

Яаралгүйхэн босож, цонхны дэргэд очоод салхивчаа нээж:-Захидлаар хийсэн цаасан онгоц минь нис,нис. Хаягийг нь мэддэггүй ижийд минь заавал хүрээрэй гэж шивнээд шидэж орхив. Цаасан онгоц эргэлдэн, эргэлдсээр нисэн одлоо. Би захидлаар хийсэн цаасан онгоц ээжийн дэргэд буухыг харсан мэт хангалуунаар инээмсэглээд"БАЯРТАЙ"гэж араас нь шивнэлээ.

ЗҮРХ СЭТГЭЛ САЯ САРУУЛСАН ТАЙВШИРЛАА.


Ээждээ бичсэн захидал: "Нулимсны хүүрнэл”  
Үзсэн: 3905 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй