Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Чимээгүй хотод нойрсож буй

2020-03-31 15:36:29

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

427 дугаар хаалттай хорих ангийн, хүмүүжигч Шинэдэв овогтой Шинэтулга

 

Чимээгүй хотод нойрсож буй

“Ээждээ бичсэн захидал” Сайн байна уу, Ээжээ! Өөдөсхөн үр чинь өнгөт орчлонгийн буйдхан алсад орших далдхан ертөнцөөс таныхаа амар мэндийг эрье!

 Та минь алтан дэлхийн хөрсөндөө амгалан тайван амирлан байна уу? Хүү нь яахав хүний нийгмээс тусдаа зэргэлдээхэн байрлах жижигхээн хэвлийд багтаад орчихсон он жилүүдийг үдэж өнгөрүүлсэн тэр л хэвээрээ. Хэдийгээр энэ жижигхээн хэвлий дэндүү давчуу ч гэлээ, амьдралын жолооноос атгасан алдхан биеийг минь үүрд аргамжиж аваагүй ээ, ээжээ!... Харин хөрст алтан дэлхийд хүйн холбоогоор тань цөглөгдөж ирсэн хүүг нь л хүмүүжихийг хүлээж цаг хугацааны хэмжээгээр хугацаа зааж түрхэн л зуур дэлхийн тэнхлэгтэй цуг нарыг буруу тойруулж эргүүлээд байгаа юм шүү!

Ээжээ, мэдээж амьдралын тойрог та бид хоёрын зам руу тэнийж дэлхийн тэнхлэг нараа зөв тойрч эргэх цаг удахгүй ирнэ ээ. Тэр цагт ухаангүй муу хүүгийнхээ ухаажихыг дэндүү удаан хүлээсэн ижий таныхаа сэтгэлийг нэг амраахсан. Ээжээ, бүүвэйн дуунд тань уясаж орчлонг таньтайгаа хамт бүүвэйлэхэд нэхий өлгийнд минь хорвоо тэр чигээрээ багтдаг байлаа. Хүн бие минь хүний дайтай хөлжиж хөрст шороог тамгалахад хөхүүрийн айраг исэх шиг хорвоод хүү нь сагаж ч явлаа. Гэвч өдөр өдрийн нар зулай дээрээс гийхэд өтөл ижий таны минь санчиганд буурал сор буусан байсныг анзаараагүй явж дээ. Зүрхэн цэцэг минь ч зурагтай тань л хамт үлдэнэ гэж бодоогүй нь буруу байжээ. Яахав дээ хүү нь мунхаглан, ухаандаа дандаа л таныхаа энгэр өөд эрхэлж энэрэлийн далай их хайрыг тань хүртэж, өнгөт орчлонг өвөртөө үүрд жаргаах юм шиг санаж явсан минь үнээн үнэн. Даанч таныхаа ачлалт агуу их хайрыг тань жаргааж баярлуулж хариулахын оронд дэндүү их зовоосондоо харамсана. Харамсах Сэтгэлийнхээ үзүүрт хүү нь өөртөө л гомдож гашуун нулимс унагаж сууна. Ээжээ мөрөөдөөд ч гэсэн нөхөж болдоггүй цаг хугацаа гэж байдаг юм байна. Бүр энэ тэнгэрийн дор өнчин зүрх минь өрөвдөлтэй гуйлгачин шиг хяслант ганцаардлын манан дунд төөрсөн энэ л үед шүү. Энэ хорвоогоос яг юу эрж хайгаад яваад байгаагаа ч хааяа мэдэхээ байх юм. Танд минь сонин санагдах байх л даа. Гэхдээ л лав эд хөрөнгө биш ээ, эрх мэдэл ч биш. Магадгүй нэхий өлгийнөөсөө гарсан цагаасаа авхуулаад ижий таныгаа дэндүү их зовоосон. Үйлийн үрийн төлөөсөө цайруулах гээд хүүгийнх нь эрж хайгаад байгаа гэмшил ч юм уу . Аль эсвэл таны минь амьдарч байгаа газар дор тэр ертөнцөд гэмшилт цадиг байхгүй болоод газар дээрх ертөнц дэх хүүгийнхээ гэмших гэмшлийг нь миний хөөрхөн ээж олж харж чадахгүй байгаа байх аа. Ээжээ, эхийн агуу хязгааргүй их хайр гэдэг чинь ганцхан эрхэлж жаргахдаа биш байдаг бололтой.

Уучлаарай ээжээ, хүү нь тэнгэрийн дор түмэн нүгэлтэй. Тэрхүү түмэн нүгэлээ нялх багын дурсамжаа хорвоотой хамт үлдээсэн нэхий өлгийтэйгээ цуг энгэртээ тэврээд ижий таныхаа өлмийд сөгдөн мөргье. Ээжээ, хүү нь таныгаа яасан ихээр санана вэ?. Үгүйлэн санахдаа үлдсэн амьдралд минь “ээжээ”... гээд дуулаад очиход энхрийлээд үнэрлэх, ивий дээ миний хүү гээд зулайг минь илэх ижий минь та дэргэд үгүй ч тэнгис далайн сувднаас тал дүүртэл цэцэгс дэлгэрүүлж таньдаа хүү нь золгоно оо! ...Золгохоосоо өмнө...

Амьд ертөнцийн ариун хэвлий Ангаахай бие нь цэцгэн үндэс Алган дээрх шүүдрийн мөнгөн дусал Ачит ээж минь миний дэлхий Нартыг уяраагч бүүвэйн дуугаараа Насыг минь хурайлсан миний л ээж Насанд ганц ээж минь та Наддаа үүрд мөнхийн усаа Балчир бага наснаас минь Баринтаглаж хүүгээ өлгийдсөн Буурал гэгээн энэрэлийг тань бурханлаж шүтэж амьдаръя Сахиус шингээгч сүүн цацлаараа Санчигийг минь угаасан миний л ээж, Сайхан монгол ээж минь та Салшгүй өндөр шүтээнээ. Үлэмжийн чанар цогцлоосон Үнэгчлэх хорвоог аргадсан Үүрийн гэгээнд туяарсан Үрдээ та минь эрдэнэ шүү Энэрэлийн далай ээж минь Энхрий биеийг минь тосож авсан Ээждээ хүү нь хайртай шүү.

...Ээжээ...Ижий бурхан минь ээ! Та минь чимээгүй хотод тайван нойрсдоо... 2020 оны хаврын тэргүүн сарын шинин нэгэн.


Ээждээ бичсэн захидал: Чимээгүй хотод нойрсож буй  
Үзсэн: 2812 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-02-02 14:15
Би танд хайртай шүү гэж хэлмээр байдаг

Бидэнтэй нэгдээрэй