Шууд Chart

Италийн компаниуд коронавирустэй тэмцэхэд хүчээ дайчлан ажиллаж байна

2020-04-01 16:05:51

Италийн томоохон компаниуд коронавирустэй тэмцэхэд хүчээ дайчлан ажиллаж байна. Тансаг зэрэглэлийн спорт автомашин үйлдвэрлэдэг Италийн “Автомобили Ламборгини” компани л гэхэд Болоньяд байрлалтай үйлдвэрийнхээ хэд хэдэн цехдээ орон нутгийн эмнэлгүүдэд нийлүүлэх мэс заслын амны хаалт үйлдвэрлэхээр болжээ. Компани өдөрт 1000 хүртэлх тооны амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Үйлдвэрээ халдварын нөхцөл байдал хамгийн хүнд байгаа Сант-Агата-Болоньез хотод нээнэ гэж хэвлэлүүдэд мэдээлжээ.

“Онц байдлын энэ нөхцөлд бид нийтийн үйл хэрэгт тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах хэрэгтэй гэж үзсэн. Бид цар тахалтай хамтдаа тэмцэж, өдөр бүр тулаанд оролцож байгаа хүмүүсээ дэмжсэнээр энэ дайныг ялж чадна” гэж компанийн төлөөлөгч мэдэгдсэн байна. Энэ компани амны хаалтнаас гадна 3D хэвлэгчээр өдөрт 200 ширхэг эмнэлгийн бусад тоног төхөөрөмж үйлдвэрлэх гэж байна.

Италийн “Армани” загварын ордон өнгөрсөн долоо хоногоос эмнэлгийн ажилтнуудад зориулсан нэг удаагийн халат үйлдвэрлэж эхэлсэн юм. Түүнчлэн “Эф-Си-Эй” автоконцерн сард 1 сая амны хаалт үйлдвэрлэж нийлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мөн Италийн Милан хотын захиргаа “Фьера Милано” үзэсгэлэнгийн төвийн байранд эмнэлэг нээж, коронавирустэй тэмцэж байгаа юм.

Итали улс "COVID-19"-ийн өвчний нас баралтаар дэлхийд тэргүүлж байна. Хамгийн сүүлчийн мэдээллээр тус улсад коронавирусний 105 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, 12 мянга гаруй хүн нас бараад байна. Тус улс гуравдугаар сарын 10-наас эхлэн орон даяар хөл хорио тогтоож, хүн амын шилжилт хөдөлгөөнийг хатуу хязгаарлажээ. Гуравдугаар сарын 30-нд Италийн Эрүүл мэндийн сайд Роберто Сперанца хөл хорионы дэглэмийг дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл сунгалаа гэж мэдэгдсэн байна.

Нийтэлсэн: Mонголын радио

Италийн компаниуд коронавирустэй тэмцэхэд хүчээ дайчлан ажиллаж байна  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй