Шууд Chart

Ээждээ бичсэн захидал: Бурханы оронд байгаа ээждээ

2020-04-01 16:31:50

“Ээждээ бичсэн захидал” улсын уралдааны Тусгай байрын шагналт захидал

Булган аймгийн Сэлэнгэ сумын оролцогч Л.Хишигдоржийн ээждээ бичсэн захидал

Бурханы оронд байгаа ээждээ

Сайн байна уу хайрт ээж минь. Охин нь тандаа зөндөө ихийг хэлэхийг хүссэн ч хэрхэн эвлүүлж хэлэхээ мэдэхгүй л байна. Таныхаа зааж, захиж сургаснаар аавыгаа сайн асарч, дүү нартаа түшиг тулгуур нь болж таныгаа орлох гэж бэдэрч л явна. Гэхдээ таныхаа орон зайг яаж нөхөж чадхав дээ. Муу аав минь өрөөсөн далавчгүй шувуу шиг болж нүдэнд нь гунигийн сүүдэр тусч таны гэсэн бүхнийг нандигнан хадгалж, зургийн чинь өмнө ес дэх жилдээ тасралтгүй зул өргөж майна уншиж эрх эргүүлж сууна даа. Ээжээ охин нь хамгийн түрүүнд таныхаа ганцхан хүслийг биелүүлэх гэж хичээж байгаагаа л хэлье. Та минь биеэ тааруухан байхад “ Ээж нь охиныхоо хашааг ой шиг болгож өгнөө. Тэндээсээ бүх жимсээ хурааж үр хүүхдүүддээ өгч байнаа” гэж хэлж байсныг чинь хэзээ ч мартдаггүй юмаа. Нээрээ л ээж минь удахгүй эдгэрч босоод охиндоо зөндөө олон мод тарьж өгөөд тэр нь удахгүй ургаж өндөр том мод болоод түүнийхээ сүүдэрт ээжтэйгээ яриад жимсээ идээд сууж байх юм шиг төсөөлж байлаа. Таныгаа бурхны оронд очсон тэр л хавар өчнөөн олон мод тарьчхаад түүнийг шөнөжин усалж зогсохдоо түнэр харанхуйгаас айгаад зөндөө уйлдаг байлаа. Олон шөнө уйлсаан ээжээ. Харин одоо бол бүүр шал эсрэгээрээ. Олон олон од мичдийн дундаас ээж минь охиноо хараад “Ээжийнхээ хийж амжаагүйг хийж, хүсэл мөрөөдлийг минь биелүүлж байна даа” гээд баярлаж байгаа гэж бодохоор сэтгэлд минь нар мандаж баяр гийдэг болсон шүү ээжээ. Таны минь хүсэл мөрөөдөл намайг мод цэцэгстэй нөхөрлүүлж охин нь сумынхаа хэсэгхэн газарт хүчилтөрөгч түгээж сууна даа. Таны минь тарьж өгсөн 5 төрлийн 10 гаран мод одоо зөндөө том болсон. Охин нь одоо хашаандаа 40 гаран төрлийн мод бут нийлсэн 1000 гаран модтой болсоон. Бас түрүүчийнхээ жимсийг хурааж идээд цэвэр шүүсээ үр хүүхдүүддээ уулгаад эхэлсээн. Мөн удахгүй алим чавгаа ч иднэ гээд хичээж л байна. яг л тань шигээ үр хүүхдэдээ сайхан бүхнийг бүтээж өгч, идүүлж уулгана гэсэн тэр их хайр охиных нь ч гэсэн зүр сэтгэлд бас л оргилон буцалж ундарч явнаа гэжээ. Та минь хийж бүтээхийг туйл болсон тийм л мундаг хөдөлмөрч хүн байсан. охин нь таныхаа үргэлжлэл болж хүсэл мөрөөдлийг чинь гүйцэтгэхийн төлөө хичээж л явна. Ажилдаа түүртэж эцэж ядраад модныхоо сүүдэрт амарч суухдаа дандаа тантайгаа хамт сууж байгаагаар төсөөлдөг шүү ээжээ. Таны минь сэтгэлээс гардаггүй сайхан үнэр, зөөлөн гар, хайр бялхсан тэр л харцыг охин нь дандаа мэдэч тайтгарах шиг болдог юм. Өнгө өнгөөр алаглах мод цэцэгсийнхээ дундуур ээжийнхээ гараас хөтлөөд алхаж явсан бол гэж бодохоор хоёр нүдийг минь нулимс бүрхэж, хоолой минь бачуурч, харуусал гуниг цээжинд минь үерлэх юмаа ээжээ...

.... Удахгүй хашаа минь ой шиг болж таныхаа түмэн хүслийн ганцхан ч гэсэн хүслийг биелүүлнэ гэж бодохоор сэтгэл минь өчүүхэн ч гэсэн уужирдаг юм. Хэдхэн жилийн дараа таньдаа зориулж босгосон мөнх ногоон ойгоосоо шулганалдан жиргэлдэх шувуудын дуугаар охин нь ээжтэйгээ өглөө болгон мэндчилж байх болно. Өвөл зунгүй охиноо тарьсан модоор нь олж харж байг гэж бодоод мөнх ногоон мод зөндөө олныг тарьсан шүү ээжээ. Та минь охиныхоо зүрх сэтгэлээс алхам ч холдоогүй шүү ээжээ. Тэнгэрийн орноос үрсээ хараад хайраа түгээж байгаа гэдэгт охин нь итгэж амьдардагаа. Охин нь жил бүрийн энэ л өдөр ээждээ зориулж цэцэгсээн үрслүүлж эхэлдэг юм шүү.  Таньдаа охин нь хязгааргүй их хайртай.  Хайртай ээжийгээ зүрх сэтгэлдээ чангаас чанга тэврэн үнс ч захидлаа төгсье дөө.

Охин Хишигдорж  чинь


Ээждээ бичсэн захидал: Бурханы оронд байгаа ээждээ  
Үзсэн: 5543 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-10-11 19:17
Маш муу захидал байна

Бидэнтэй нэгдээрэй