Шууд Chart

Атланта хотод онц байдал зарлалаа

2020-07-07 17:57:36

АНУ-ын Жоржия мужийн амбан захирагч Брайан Кемп олон нийтийг хамарсан эмх замбараагүй байдал намжихгүй байгаа Атланта хотод онц байдал зарлалаа. Онц байдал тогтоосноор Үндэсний гвардийн 1000 хүртэлх тооны цэрэг дайчдыг хотод оруулж ирэхийг зөвшөөрсөн гэсэн үг юм.

Амбан захирагчийн тэмдэглэснээр, энэ хотод хэдэн долоо хоногийн турш эмх замбараагүй байдал, хүчирхийлэл үргэлжилж, улам даамжирсаар, өнгөрөгч амралтын өдрүүдэд буюу АНУ-ын Тусгаар тогтнолын өдөр 30 хүн буудуулж, тав нь амиа алдсан гэнэ.

“Ийм хууль дүрэмгүй байдлыг зогсоож, нийслэлдээ эмх журам тогтоох ёстой. Иргэдийн маань аюулгүй байдал нэгдүгээрт учраас би онц байдал зарлаж, Жоржиягийн гвардийн цэргүүдийг оруулж байна. Үүний үр дүнд цэргүүд төрийн өмчөө хамгаалаж, хууль сахиулах байгууллагын ажилтнууд гудамжинд эргүүл хийх боломжтой болно” гэж Жоржия мужийн захирагч тэмдэглэжээ.

Атланта хотын захирагч Киша Лэнс Боттомс үндэсний гвардийн тусламж авахаас татгалзсан учир мужийн захирагч, Бүгд найрамдах намын Брайан Кемп түүний өмнөөс хөдөлсөн гэж хэвлэлүүдэд онцолж байна.

Атланта хотод өнгөрөгч зургаадугаар сарын дундуур африк гаралтай америк Рэйшэрд Брукс хэмээх залуу цагдаа нарт саатуулагдах үедээ амиа алдсанаас болоод эсэргүүцэл дахин дэгдсэн юм. Брукс согтуу байх үедээ түргэн хоолны рестораны зогсоол дээр машин дотроо унтсанаас болоод цагдаа нар саатуулахаас өөр аргагүй болсон. Гэвч саатуулагдах үедээ эсэргүүцэж, цагдаагийн цахилгаан бороохойг булаан авч, зугтах гэж оролджээ. Энэ үеэр Гарретт Рольф гэдэг цагдаа буудаж, Брукс амиа алдсан юм. Рольф энэ хэргээс болоод ажлаасаа халагдсан. Одоо түүнийг хүн амины хэрэг зэрэг 11 зүйлээр буруутгаж байна.

Энэ хэрэг гарахаас өмнө Атланта хотод тавдугаар сарын сүүлчээр Үндэсний гвардийн хүч хэрэглэсэн. Учир нь АНУ-ын томоохон хотуудад тавдугаар сарын сүүлчээс эхлэн африк гаралтай америк эр Жорж Флойд цагдаад баривчлагдах үедээ амиа алдсанаас болоод эсэргүүцэл, эмх замбараагүй байдал дэгдсэн юм.

Нийтэлсэн: Mонголын радио

Атланта хотод онц байдал зарлалаа  
Үзсэн: 607 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй