Шууд Chart

Саиед Моллай Монгол Улсад анхны медалиа авч ирлээ

2020-10-26 08:36:08

“Унгар-2020” жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр Монгол Улсын иргэншил аваад нэг жил болж буй Саиед Моллай хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр Монгол Улсын нэрийн өмнөөс “Чиндао-2019 World masters”, “Дюссельдорф-2020” тэмцээнүүдэд оролцсон ч медаль хүртэж чадаагүй байсан юм.

Харин энэ удаад цар тахлын үед бэлтгэлээ алдалгүй сайн барьж, гурав дахь тэмцээндээ шагналын тавцанд зогссон байна.

С.Моллай -81кг-ын жинд "D" хэсгийг толгойлон барилдаж, эхний даваандаа өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Туркийн Мухаммед Кочийг 2:58 минутад цэвэр ялсан юм. Удаах тойрогт энэ оны Дюссельдорфийн “Гранд слам”-ын хүрэл медальт Шведийн Робин Пачекийг 2:31 минутад буулгаж авсан бол хэсгийн аваргын төлөө Францийн 23 настай Николас Чилардийг цэвэр ялан хагас шигшээд шалгарлаа.

Франц залуу өмнөх даваандаа тэмцээний гол “фаворитуудын” нэг ОХУ-ын Аслан Лаппинаговыг буулгаж аваад байсан бол С.Моллай түүнийг ялахдаа 1:21 минутыг зарцуулсан байна. Гэвч “Моли” хагас шигшээд “Лондон-2012” олимпийн хүрэл, ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт Канадын Антуан Валуй-Фортьерт ялагдлаа. Барилдааны эхэнд Моллай өөрийн дархан өмсөх мэхээрээ вазари үнэлгээ авсан ч хоёр удаа вазари үнэлгээ алдаж ялагджээ.

Улмаар хүрэл медалийн төлөө Осака, Дюссельдорфын “Гранд Слам”-уудад ялагдаад байсан Нидерландын Франк Де Витийг тосгуулж хавирах мэхээр “иппон” буулгалаа. Ингэснээр Монгол Улс Унгарын “Их дуулга”-аас хоёр хүрэл медаль хүртсэн амжилттай 61 орноос 12-т эрэмблэгдэж байна.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Саиед Моллай Монгол Улсад анхны медалиа авч ирлээ   
Үзсэн: 763 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй