Шууд Chart

Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ

2020-10-26 08:40:13

IJF-ийн дэлхийн цуврал тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Унгар Улсын нийслэл Будапешт хотноо болов.

Цар тахалын улмаас долоон сарын дараа зохион байгуулагдаж байгаа тус тэмцээн уламжлал ёсоор хөнгөн жингийн барилдаануудаар эхлэн, 61 орны 409 жүдоч эрэгтэй, эмэгтэй долоон жинд аваргаа тодруулж байна.

Тэмцээний -48 кг-ын жинд Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо, “Женко” клуб, “Түмэн шувуут” компанийн тамирчин, ОУХМ Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Пан Америкийн нээлттэй тэмцээний мөнгөн медальт Чилийн Мэри Ди Варгас Лейг 2:15 минутад гурван торгуулиар буюу цэвэр яллаа.

Улмаар шилдэг 1/8 шигшээд Гранд Слам, Гран При тэмцээний аварга, ДАШТ-ий тавдугаар байрын шагналт Португалын Катарина Костаг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялав.

Харин хэсгийн аваргын төлөө залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл медальт Сербийн Андреа Стожадиновт 3:19 минутад даралтаар цэвэр ялагдсан ч торгуулийн тойрогт 2019 оны ДАШТ-ий тавдугаар байрт Испаний Лаура Мартинес Абелендаг 2:47 минутад хоёр вазари үнэлгээ авч ялснаар хүрэл медалийн төлөө барилдах эрх авсан.

Хүрэл медалийн төлөө тэрбээр Израйлын Шира Ришониг нэмэлт цагт торгуулиар ялснаар Гранд Слам ангилалд хоёр дахь хүрэл медалиа авлаа. Мөн энэ өдөр эрэгтэйчүүдийн -60 кг-д Л.Өнөболд, -66 кг-д Б.Эрхэмбаяр нар тавдугаар байр эзэллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Г.Наранцэцэг хүрэл медаль хүртлээ  
Үзсэн: 1109 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй