Шууд Chart

Данске банкны шүгэл үлээгч Олон улсын шударга байдлын төлөөх Аллардын шагналыг хүртэв

2020-10-26 09:47:27

Олон улсын шударга байдлын төлөөх Аллардын шагнал гардуулах ёслолын үеэр Данске банкны шүгэл үлээгч Ховард Вилкинсоныг 2020 оны шагналын хамтран ялагчаар зарлав. Аллардын шагналыг авлигын эсрэг, хүний эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг хүмүүст олгодог байна.

Энэ бол авлигын эсрэг тэмцэгчдэд олгодог дэлхийн хамгийн том шагналуудын нэг бөгөөд 100,000 канад долларын хэмжээтэй юм. Энэ жил 80 орны 525 нэр дэвшигчийн дунд сонгон шалгаруулалт зохион байгуулсан байна. Мальтагийн эрэн сурвалжлах сэтгүүлч, Мальтад авлига, гэмт хэргийн талаар блог хөтөлдөг байсан Дафне Каруана Гализиа мөн 2020 оны ялагчаар тодорчээ. Гализия 2017 онд автомашинд бөмбөг дэлбэрсний улмаас алагдсан юм. Гурав дугаарт Гватемал дахь Ял завшихын эсрэг Олон улсын комиссыг нэрлэв.

Вилкинсон Балтийн Данске банкны худалдааны нэгжийн даргын үүрэг гүйцэтгэж байх үедээ багадаа 230 тэрбум долларын өртөгтэй, түүхэн дэх хамгийн том мөнгө угаах схемийн талаар мэдээлсэн юм. ОХУ-аас рубли шилжүүлж, Данске банкны Эстони дахь салбарт доллар болгон хөрвүүлэн, улмаар гурван харилцагч банк (Bank of America, JP Morgan, Deutsche Bank)-ны тусламжтайгаар долларыг Нью-Йорк руу шилжүүлсэн тухай мэдээ 2018 оны 9 дүгээр сарын 19-нд цацагдав.

Мөнгө угаахаас урьдчилан сэргийлэх зорилгоор хийсэн бүх дотоод хяналтаа бүтэлгүй болсныг Данске банк хүлээн зөвшөөрсөн юм. Гэвч дөрвөн жилийн өмнө нэгэн шүгэл үлээгч энэхүү схемийг банкны дээд түвшинд мэдээлж байсныг олж мэджээ. Шүгэл үлээгчийг нууцлах шаардлагатай байсанхэдий ч хэдхэн хоногийн дотор Вилкинсоны нэр олон нийтэд ил болов.

Аллардын шагналын вэбсайтад “Өөртөө болон гэр бүлийнхэнд нь ихээхэн эрсдэлтэй хэдий ч Вилкинсон Европын парламентын өмнө мэдүүлэг өгч, мэдээлэгчдийг илүү их хамгаалж, ил тод байдлыг дэмжих шинэ зохицуулалтын загварыг санал болгов. Энэхүү шуугиан нь Европ даяар олон тооны мөрдөн шалгах ажиллагаа, эрүүгийн хэрэг үүсгэж, Данске-ийн гүйцэтгэх захирал огцорч, Эстони дахь салбар нь хаагдахад хүргэсэн юм” хэмээн онцолсон байна.

Вилкинсон шагналаа гардан авахдаа “Шүгэл үлээгчид бол яг үнэндээ бол хамгийн үнэнч ажилтнууд юм. Шүгэл үлээгчдийн гол зорилго бол нөхцөл байдлыг сайжруулах явдал юм. Заримдаа иргэд бидний хувьд засгийн газар юмуу бусад байгууллагад найдаж, тэдэнд даатгаад орхих аргагүй зүйлс байдаг. Тийм зүйлсийг иргэд бид өөрсдөө хийх хэрэгтэй болдог" хэмээв. Вилкинсон шүгэл үлээгчийн хууль эрхзүйн орчин сайжирч байгаа хэдий ч цаашид хийх зүйл их байгааг тэмдэглэсэн бөгөөд Нэгдсэн Вант Улсын Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэх тухай хуулиас жишээ татан, энэхүү хууль нь "хуучирсан бөгөөд зорилгодоо нийцэхээ байсан" гэв. Тэрбээр Аллардын шагналд талархлаа илэрхийлж, “Шүгэл үлээх нь чухал төдийгүй, бид бүгдээрээ амьдрахыг хүсч буй тэр нийгмээбайгуулахад шүгэл үлээгчид үнэ цэнтэй байх ёстой” гэж хэлсэн байна.


Данске банкны шүгэл үлээгч Олон улсын шударга байдлын төлөөх Аллардын шагналыг хүртэв  
Үзсэн: 845 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй