Шууд Chart

Б.Шарав агсны мэндэлсэн өдөр тохиож байна

2020-11-13 17:24:43

Өнөөдөр буюу арван нэгдүгээр сарын 13-нд Монголын хөгжмийн урлагийн түүхэнд тодоор дурсагдах мөрөө үлдээсэн Монгол Улсын Төрийн дээд шагнал “Чингис хаан” одонт, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны мэндэлсэн өдөр тохиож байна.

Тэрбээр 1972 оноос уран бүтээлээ туурвиж эхэлсэн. Б.Шарав агсны шилдэг дахин давтагдашгүй бүтээлд, “Чингис хаан” дуурь, I, II, III симфони, “Ононд хатаагдсан илд”, “Алтан ураг”, “Зуурдын орон”, “Сэрүүн намар” зэрэг үндэсний болон модерн балетууд, үндэсний хөгжимд зориулсан нийт 5 концерт, флейт найрал хөгжмийн, төгөлдөр хуур найрал хөгжмийн концерт, “Замбуу тивийн наран” магтуу, “Сэрсэн тал”, “Тэнгэрийн орон” удиртгал, “Үлэмжийн ертөнц”, “Хэрлэнгийн домог”, “Зохиомж” зэрэг симфони уран сэтгэмж, “Ард Аюуш”, “Байлдааны даалгавар”, “Мартагдсан дууль”, “Илүү сартай зун”, “Хүсэл” зэрэг 30 гаруй киноны хөгжим, дан хөгжмийн жижиг хэлбэрийн 70 гаруй бүтээл, төгөлдөр хуурын болон мэргэжлийн дуулаачдад зориулсан ардын дууны найруулгууд, 22 романс, “Монголын тал нутаг”, “Аав ээж хоёр”, “Цэнхэрийн гол”, “Хайрхан уулын бараа”, “Очоод золгоно доо”, “Зүрхний хайртай эх орон” зэрэг нийтийн 300 гаруй дуу, хүүхдийн дуу, найрал дуу, радио телевизийн чимэглэл хөгжим зэрэг олон арван бүтээл багтана.

Б.Шарав бол Монголын тал, эзэн Чингис хаанаа хамгийн ихээр магтан дуулсан хөгжмийн зохиолч. Тийм ч учраас 1992 онд "Замбуу тивийн наран" магтуу, II симфони, "Сэрсэн тал" удиртгал бүтээлүүдээрээ Төрийн шагнал хүртжээ. Түүний "Замбуу тивийн наран" магтуу нь 1985 онд ЮНЕСКО-гийн хөгжмийн алтан санд бүртгэгдсэн билээ. 2019 онд Чингис хааны мэндэлсний ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Хөдөлмөрийн баатар, Чингис хаан одонт хөгжмийн зохиолч Б.Шарав агсны "Хоёрдугаар симфони" тэргүүтэй таван шилмэл бүтээлийг багтаасан "Алтан пянз"-ыг Төрийн түүхийн музейд залсан.

Өнөөдөр ч ДБЭТ-ын урын санд түүний бүтээлүүд үнэтэй байр суурийг эзэлж, дуурийн дуучид гадны олон улс оронд дууг нь дуулж, хөгжимчид дан хөгжмийн бүтээлүүдийг нь эгшиглүүлэн дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсгасаар байгаа билээ.

Б.Шарав агсны “Чингис хаан” дуурь Монголын сонгодог урлагийн мөн чанарыг илэрхийлсэн томоохон бүтээлийн нэг байсаар ирсэн. Энэ их хүмүүний орон зай Монголын хөгжмийн урлагт үгүйлэгдсээр байх болно.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Б.Шарав агсны мэндэлсэн өдөр тохиож байна  
Үзсэн: 572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй