Шууд Chart

“Монгол Улсын Зэвсэгт хүчин - 100” сэдэвт гар зургийн уралдаан зарлав

2021-01-25 13:38:38

. Үүний нэг нь аймаг, нийслэл, сум, дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн сурагчид болон их, дээд сургууль, коллежийн оюутнуудын дунд зарласан “Монгол Улсын Зэвсэгт хүчин-100” сэдэвт гар зургийн уралдаан юм.

Энэ уралдаан нь эх орныхоо ирээдүй болсон хүүхэд, багачуудад Зэвсэгт хүчний түүхэн замнал, баатарлаг үйлсийг судалж, танин мэдэх хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, тэдний авьяас, чадварыг нээж хөгжүүлэх, шилдэг бүтээлийг алдаршуулан олон нийтэд сурталчлах зорилготой бөгөөд Монгол цэргийн суу алдар, түүхэн гавьяа, дайчин замналаар бахархах, цэрэг-эх оронч үзлийг түгээхэд оршиж байгаа юм.

Уг уралдааныг Батлан хамгаалах яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран зохион байгуулж байна. Энэ хүрээнд аймаг, нийслэл, дүүргүүдийн ЗДТГ-ын Цэргийн штаб, Боловсролын газруудаар дамжуулан зохион байгуулалтыг хэрэгжүүлэх аж. Тодруулбал, Оюутан, сурагчид бүтээлээ өөрийн харьяа Боловсролын газраар дамжуулан аймаг, нийслэл, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабт хүргүүлэх юм байна.

Уралдааныг таван насны буюу ерөнхий боловсролын сургуулийн бага (6-10 нас), дунд (11-14 нас), ахлах (15-18 нас) ангийн сурагчид, их, дээд сургууль, коллеж болон дүрслэх, урлагийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, сурагчид ангиллаар зохион явуулна. Эхний шатанд насны ангилал тус бүрээс 10, нийт 50 бүтээлийг, хоёрдугаар шатанд шагналт байрыг шалгаруулах аж. Мөн “Монгол цэргийн өдөр” буюу Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн өдөр Монгол цэргийн музейд шилдэг бүтээлүүдийг дэлгэж, олны хүртээл болгохоор төлөвлөжээ. Түүнчлэн цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудаар дамжуулан олны хүртээл болгон сурталчлах юм байна.

Тус уралдааны онцлог нь энэ төрлийн өмнөх уралдаанаас шагналын санг өндөрсгөж, хамрах хүрээг нь нэмэгдүүлж, мэргэжлийн сургууль буюу дүрслэх, урлагийн мэргэжлээр суралцаж байгаа оюутан, сурагчид оролцох боломжийг нээж өгчээ. Ийн оюутан, сурагчдаас мэргэжлийн түвшний бүтээл ирэх бололцоотой учир, тэдгээр бүтээлийг цаашдаа Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах ажил, арга хэмжээндээ ашиглахаар төлөвлөж байгаа аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Монгол Улсын Зэвсэгт хүчин - 100” сэдэвт гар зургийн уралдаан зарлав  
Үзсэн: 2715 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй