
Монголын Зэвсэгт хүчний түүх нэн эртнээс улбаатай бөгөөд доктор (Ph.D), профессор Ж.Базарсүрэн өөрийн өгүүлэлдээ “Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхийг өдгөөгөөс 5000 орчим жилийн тэртээ үүссэн түүхтэй ба анх явган цэрэг, тэрэгт цэргээс бүрдэж байсан бол НТӨ II мянган гэхэд дан морьт цэргээс бүрдэх болсон нь хурд, хүчээр хөрш зэргэлдээх суурин соёл иргэншилт улс аймгуудын цэргээс давуу болох нөхцөлийг буй болгож, хожмын их ялалт амжилтынх нь үндэс суурь болж өгсөн” хэмээн оновчтой зөв тодорхойлсон байдаг.
Цаг хугацааны хүчин зүйлс, түүхэн жам ёсны дагуу мандан буурах тавилан монголчууд биднийг тойроогүй дайрсан билээ. Манж Чин гүрний эрхшээлд орж үндэсний цэрэг, Зэвсэгт хүчнээ үгүй хийлгэж, харь улсын хоморгод өртөж илд агссан эрэмгий дайчин баатар эрс нь эрх хүрд эргүүлсэн энэрэнгүй лам хувраг болж хувирсан гашуун түүхтэй.
Манж Чин гүрний эрхшээлд байсан монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үр дүнд тусгаар тогтнолоо зарлан тунхаглаж, ХХ зуунд анхны Цэргийн яамаа байгуулсан юм. Цэргийн яамыг байгуулахдаа “Богд ламаас эхлэн шар шашнаа хамгаална. Доодод болбоос олон иргэд ба газар орноо харгалзан сахисугай” хэмээн зорилтоо тодорхойлж байжээ.
Богдын засгийн газар Хаант Орос Улсын тусламжтайгаар Зэвсэгт хүчнээ шинээр зохион байгуулах үйл ажиллагааг эхлүүлсэн юм. Гэсэн ч тухайн үед шарын шашны суртал хүн амын дийлэнхийн оюун санааг эзэмдсэн дундад зууны хоцрогдол хийгээд цэрэг армийг цоо шинээр байгуулах гэсэн дэвшилт үзэл санааны хооронд зөрчил гарах болсон юм. Богдын засгийн үеийн Зэвсэгт хүчин ихэвчлэн шашны хүчин зүйлс дээр голчлон үйл ажиллагаагаа явуулдаг үлгэр домог туульс, сахиус зүүсэн сайн дурын цэрэг, партизан гэж нэрлэгдэж байжээ. Хэдийгээр орчин үеийн их буу, винтов, пулемёт, гар бөмбөг гэх мэтийн галт зэвсэгтэй байсан ч шашны бурангуй хоцрогдол нөлөөлж шинэчлэл хийхэд саад болж байсан ч гэсэн улс орноо батлан хамгаалсаар л байжээ.
Монгол орны сул дорой, бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдөөгүй байдлыг ашиглан гаднын улс орнууд 1919 онд автономит төрийг хүчээр устган Зэвсэгт хүчнийг үгүй хийсэн юм.
Монгол оронд 1921 онд ард түмэн үндэсний ардын ардчилсан хувьсгалыг эхлүүлснээр манай орны Зэвсэгт хүчний нэгэн шинэ үеийн түүхийн үе эхэлсэн билээ.
Ард түмэн Ардын нам, Ардын засгийг байгуулж шинээр Цэргийн яамаа байгуулж зэвсэгт хүчнээ эмхлэн зохион байгуулсан юм. 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын удирдагчийн нэг, Бүх цэргийн жанжин бөгөөд Цэргийн яамны сайд Д.Сүхбаатараас шинэ цэрэг байгуулах зорилтыг “тэгш журамт, баян хүчирхэг улс болохын тулд үндсийг бататган, хойчийг сайжруулж, баян хүчирхэг улс болон тогтохуйд эртнээс нааш эр цэрэг эрхэмлэн” ирсэн хэмээн түүхэн уламжлалд тулгуурлан тодорхойлж байв.
Жанжин Д.Сүхбаатарын удирдсан ардын журамт цэргүүд 1921 оны 3 сарын 18-ны өдөр Хиагтыг чөлөөлөхөөс өмнө европ маягийн орчин цагийн Зэвсэгт хүчний зохион байгуулалтад цэргүүдээ 4 хороо болгон хувааж, хороо тус бүрийн удирдлагыг томилсноор байлдааны ажиллагааг эхлүүлсэн юм.
Ардын журамт цэргүүд Хиагтыг хотыг өөрсдөөсөө тооны хувь хэт олон хятадын гамин цэргээс амжилттай чөлөөлснөөр орчин цагийн Зэвсэгт хүчний нэгэн шинэ үеийг эхлүүлсэн бөгөөд тэрхүү өдрөөс эхлэн эдүгээ хүртэл 99 жил орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны ойг өргөн тэмдэглэсээр ирсэн.
Ийнхүү монголчууд ХХ зуунд сэргэн мандсан Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан хамгаалах зориулалт бүхий орчин цагийн цэргийг байгуулж хөгжүүлснээр эртний их түүхт монгол цэргийн уламжлалыг сэргээж чадсан билээ.
Монгол Улсын нэн шинэхэн түүхэнд өөрийн Зэвсэгт хүчнийг байгуулан бэхжүүлж ирэхдээ эхлээд Хаант Орос Улс, хожим нь Зөвлөлт Орос Улсын цэргийн байгуулалтын онол, практикийг хүлээн авч, тэдний туршлага, тусламжид тулгуурлан хэрэгжүүлж ирснийг дурдах нь зүйтэй юм.
Ардын Засгийн газар бүр анхнаасаа “европын ёсны цэргийг тогтоовол зохих” үүний тул тусгаар тогтносон улсуудын зарчим ба Монголын суртлыг харгалзан “Монгол Улсын хүчирхэг цэргийг байгуулах” зорилт дэвшүүлсэн байдаг. Энд европын туршлагыг авч хэрэглэхийг онцолсон нь тухайн үед тэргүүний дэвшилттэй зүйлийг хүлээн авахын чухлыг харгалзсан хэрэг юм.
Ардын журамт цэрэг анх байгуулагдахдаа Олноо өргөгдсөн Монгол Улсын цэргийн уламжлал хийгээд европын цэргийн байгуулалтын зарчмын аль алийг үндэс болгосон юм. Үүний учрыг 1921 оны ардын хувьсгалд оролцсон Б.З.Шумяцкий “Автономитын төлөө тэмцлийн эхний шатанд (1912 он) партизан цэрэг төдий байсан бол 1921 оны Үндэсний эрх чөлөөний тэмцлийн явцад Монголын цэргийн зохион байгуулалт нь жинхэнэ европын шинжтэй болж эхэлсэн юм” хэмээн хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ нь мэргэжлийн гэх тодотголыг давхар агуулж байгаа хэрэг юм.
Европын улс орнууд ХХ зуунаас ч өмнө XVIII зууны эцсээр орчин цагийн Зэвсэгт хүчинтэй болж цэргийн шинэчлэлээ эхлүүлсэн. Харин Монголын хувьд Манж Чин гүрний нөлөөнөөс болж тухайн үеийн Зэвсэгт хүчний шинэчлэлээс хол хоцорсон байсан юм.
Ийнхүү Ази тивийн алс хязгаарын бөглүү буйдхан Монгол оронд хувьсгалын аранзал улаан туг намирч, өнөө цагийн Зэвсэгт хүчин хүртэлх асар их түүхийн эхлэлийг тавьжээ.
Зөвлөлт Орос Улсаас орчин цагийн зэвсэг техник, сургагч, зөвлөх авч анхны ардын цэргийн даргын сургуулийг байгуулан дотооддоо боловсон хүчнээ бэлтгэн улмаар Зөвлөлт Орос Улсад хүмүүсээ явуулан сургаж Зэвсэгт хүчнээ хөгжүүлж эхэлжээ.
Ардын журамт цэрэг Хүрээг чөлөөлж, ардын байнгын Засгийн газрыг байгуулсны дараа 1921 оны долдугаар сард “Монгол Улсын Хувьсгалт цэргийн зөвлөлийн дүрэм” баталсан байна. Уг дүрэмд: “Их штаб, бэлтгэлийн хэлтэс, цэргийн дүрэм хэмжээ байгуулах зөвлөл, цэргийн шалган байцаах дээд газар, сурган боловсруулах хороо зэргийн… албаны газрууд” захирагдахыг тодорхойлжээ.
Төр засгийн дээд байгууллагаас Монгол Улсын Бүх цэргийн зөвлөлийн шинэ дүрмийг 1923 оны эцсээр батлан түүний эрх үүрэг, ажлын чиглэлийг тодорхойлж өгчээ. Бүх цэргийн зөвлөлийн дүрэмд: “Монгол Улсын Бүх цэргийн зөвлөл аваас улсын цэргийн дээд эрхийг барьсан газар болно. Дайсан халдахаар ирсэн байлдаан болж буй газрууд ба байлдаан болох газрын ойр хавьд бүх нутгийн олон эрх баригчид ба энгийн олон эрхгүй Бүх цэргийн зөвлөлийн тогтоолыг дагаж гүйцэтгэвээс зохино. Тайван цагт бүх цэргийн зөвлөлөөс аливаа зүйлийг гүйцэтгэхийг эрхэд улсын олон албаны газруудасс юуны урьд хянан үзэж саадгүй гүйцэтгэвээс зохино” гэжээ.
Ийнхүү Монгол оронд орчин цагийн Зэвсэгт хүчин бий болж зуун зуун жилийн их түүхийг бичих эхлэл болсон юм. Эндээс жинхэнэ орчин цагийн гэх Зэвсэгт хүчин эхэлсэн ба төрөл мэргэжлийн цэрэгтэй болж улс эх орноо батлан хамгаалах ариун үүргийг өдгөө ч хүртэл биелүүлэх үндсийг тавьсан байна.
БХЭШХ-ийн Цэргийн түүх судлалын төвийн дарга, доктор (Ph.D), хошууч Т.Сүхбаатар
Орчин цагийн зэвсэгт хүчний үүсэл | ||
Үзсэн: 5131 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.