Шууд Chart

Баяр, гуниг хосолсон “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол өндөрлөлөө

2021-03-01 18:09:52

Ийн уншигч та бүхэнд тус наадмын сонин сайхнаас хүргэе.

“Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг хүүхэлдэйн киногоор “Soul” бүтээл шалгарлаа. Түүнчлэн тус бүтээлд ажилласан Трент Резнор, Аттикус Росс, Жон Батисте нар бүрэн хэмжээний киноны шилдэг хөгжил төрөлд “Алтан бөмбөрцөг”-ийн эзэд болсон юм.

Драма төрлийн цувралын шилдэг эмэгтэй жүжигчин шагналыг сүүлийн үед шуугиан тариад буй "The Crown" хит цувралд бүтээсэн дүрээрээ Эмма Коррин хүртэв. Мөн тус цувралд тоглосон Жош О'Коннор драма төрлийн цувралын шилдэг эрэгтэй жүжигчнээр шалгарлаа. Мөн Жиллиан Андерсон тус цувралд бүтээсэн дүрээрээ шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг хүртэв.

Түүнчлэн шилдэг драма төрлийн цувралаар "The Crown" тодров.

Антологи болон телевизийн кино, цувралын шилдэг эмэгтэй жүжигчнээр "Queen's Gambit" цувралын гол дүрд тоглосон Аня Тейлор-Жой шалгарч “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо. Мөн "Queen's Gambit" антологи болон телевизийн шилдэг цувралаар шалгарав.

Шилдэг мюзикл болон инээдмийн цуврал төрөлд "Schitt's Creek" ялалт байгуулав. Харин шилдэг мюзикл болон инээдмийн кино шагналыг "Borat Subsequent Moviefilm" хүртлээ.

Кино шүүмжлэгчид, сонирхогчдын хамгийн ихээр анхаарал хандуулдаг шилдэг гадаад хэл дээрхи кино төрөлд "Minari" кино шалгарлаа.

Бүрэн хэмжээний шилдэг киноны найруулагч төрөлд "Nomadland" киногоороо өрсөлдсөн БНХАУ-ын найруулагч Члое Зжао “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн боллоо. Мөн түүний "Nomadland" шилдэг драма төрөлд ялалт байгуулав.

Энэ удаагийн наадмын хамгийн сэтгэл догдлуулсан мөч өнгөрсөн наймдугаар сард хорт хавдрын улмаас нас барж олон сая хүнийг уй гашууд автуулсан Америкийн жүжигчин Чедвик Аарон Боузман "Ma Rainey's Black Bottom" киногоороо драм төрлийн киноны шилдэг эрэгтэй жүжигчний төрөлд ялалт байгуулсан агшин байв. Чедвик Аарон Боузманы “Алтан бөмбөрцөг” шагналыг эхнэр нь хүлээн авлаа.

Харин драм төрлийн киноны шилдэг эмэгтэй жүжигчнээр "The United States vs. Billie Holiday" киноны гол дүрийг бүтээсэн Андра Дэй тодорлоо.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Баяр, гуниг хосолсон “Алтан бөмбөрцөг” шагнал гардуулах ёслол өндөрлөлөө  
Үзсэн: 675 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй