Шууд Chart

ОХУ барууны улс орнуудын хоригт хариу барихаа амлалаа

2021-03-04 13:15:58

Оросын сөрөг хүчний удирдагчдийн нэг гэгддэг Алексей Навальныйг тойрсон нөхцөл байдалтай холбоотойгоор АНУ, Европын Холбооны зүгээс Москвагийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авсан нь олон улсад онцолж буй гол мэдээллийн нэгд тооцогдож байна. ОХУ барууны орнуудын эрх баригчдын энэ шийдвэрийг ээлжит өдөөн хатгалга гэж тодорхойлсны дээр хариу арга хэмжээ авахаа амлаад байна. Түүнчлэн хориг арга хэмжээ авдаг барууныхны энэ бодлого үр дүнтэй эсэхэд эргэлзэж буйг ч илэрхийлээд байна.

Тухайлбал, ОХУ-ын Холбооны зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн хорооны тэргүүн Константин Косачев "Тасс"-т өгсөн ярилцлагынхаа үеэр олон улсын харилцаанд ийм зохисгүй арга хэрэглэж байгаагийн хариуг Москва барих болно гэдгийг онцлон мэдэгдсэн байна. Мөн ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Оросын төрийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков нар хориг арга хэмжээ авах бодлого өөрөө үр дүн муутайн дээр олон улсын харилцааг муутгах шалтгаан болдгийг бодолцож үзэхийг уриалсан байна.

Харин Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова барууныханд хандаж галаар тоглохгүй байхыг уриалсан байна. Вашингтон Оросын сөрөг хүчний улс төрчдийн нэг Алексей Навальныйг хордуулсан, эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөж буй хэрэгт холбоотой Оросын иргэд, аж ахуйн нэгжийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан. Хориг арга хэмжээний жагсаалтад ОХУ-ын Ерөнхийлөгчийн засаг захиргааны нэгдүгээр орлогч дарга Сергей Кириенко, Ерөнхийлөгчийн Дотоод бодлогын асуудал эрхэлсэн удирдах газрын дарга Андрей Ярин, Холбооны аюулгүйн албаны тэргүүн Александр Бортников, Батлан хамгаалахын орлогч сайд Алексей Криворучко, Павел Попов, Оросын Ерөнхий прокурор Игорь Краснов нарын нэрс багтсан байна.

Мөн Америкийн сангийн яамны хориг арга хэмжээний жагсаалтад Органик хими, технологийн эрдэм шинжилгээний төв, батлан хамгаалах яамны дэргэдэх шинжлэх ухааны судалгааны 33-р төв хүрээлэн гээд Оросын 9 байгууллагыг багтаасан байна. Мөн Төрийн департамент Оросын шинжлэх ухаан, судалгааны 48-р хүрээлэнг хоёр салбарынх нь хамтаар хориг арга хэмжээний жагсаалтад оруулсан байна. Үүний зэрэгцээ АНУ Москвад 1961 оны гадаад тусламжийн тухай хуулийн хүрээнд тусламж дэмжлэг үзүүлэхээ зогсоох, зэвсэг худалдаалах, экспортлохыг зөвшөөрсөн улс орнуудын жагсаалтаас ОХУ-ыг хасах, ОХУ-ын оролцоотой гадаад улс орнуудын цэргийн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсоох, зээл тусламж, зээлийн баталгаа олгох зэрэг санхүүгийн тусламж үзүүлэхээс татгалзах, ОХУ-тай сансар огторгуйд арилжааны чиглэлээр хамтран ажиллахдаа хязгаар тогтоох шийдвэрийг гаргаад байна.

Үүний зэрэгцээ Европын Холбооны зүгээс хориг арга хэмжээний жагсаалтдаа Оросын Ерөнхий прокурор Игорь Краснов, Мөрдөн шалгах хорооны тэргүүн Александр Бастрыкин, Холбооны шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга Александр Калашников, Росгрардийн тэргүүн Виктор Золотов нарыг оруулсан байна. Европын Холбоо Оросын сөрөг хүчний удирдагчдын нэг Алексей Навальныйг саатуулан хорьсны хариуд ийнхүү хориг арга хэмжээ авч байгаагаа зарласан. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

ОХУ барууны улс орнуудын хоригт хариу барихаа амлалаа   
Үзсэн: 704 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй