Шууд Chart

С.Гантөр: Монгол Улсын харцага цолтнуудын тойргийн барилдаан цуцлагдаагүй

2021-03-11 10:50:17

Монголын үндэсний бөхийн холбоо, “Green Shou шоу” продакшнтай хамтран “Хийморь” төслийн хүрээнд зохион байгуулах гэж буй Монгол Улсын харцага цолтнуудын тойргийн барилдаан энэ сарын 14-нд 14:00 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Гэвч уг барилдааныг цуцлагдсан гэсэн мэдээлэл гарсан тул МҮБХ-ны ерөнхий менежер С.Гантөрөөс дараах асуултад тодруулга авлаа.

-Монгол Улсын харцага цолтнуудын тойргийн барилдаан цуцлагдсан гэсэн мэдээ гараад байгаа. Үүнд та бодит хариулт өгнө үү?

-Худлаа мэдээлэл байна аа. Цуцлагдаагүй. Бидний хэрэгжүүлэх ажил ид өрнөж байна. Үзэгчид ч тэсэн ядан хүлээж байгаа байх.  

-Тойргийн барилдаанд хэн хэн оролцох вэ?

-Монгол Улсын харцага О.Хангай, Д.Анар, Т.Баасанхүү, Д.Бат-Эрдэнэ, Т.Бэгзсүрэн, А.Цацавшир, Ц.Одбаяр, Х.Гантулга нар хүч үзнэ. Цар тахлын энэ үед олон тооны бөх барилдахыг хориглосон, үзэг цуглуулахгүй байх гэсэн шийдвэр гарсан тул цөөн тооны бөх оролцуулсан барилдааныг зохион байгуулах гэж байна. Төслийн зөвлөхөөр Монгол Улсын өсөх идэр начин Н.Бүрэнбаатар, “Хийморь” төслийн санаачлагч, ерөнхий продюсероор Б.Батзолбоо ажиллаж байгаа.

-Энэхүү төслийн зорилго юу вэ?

-Бидний хэрэгжүүлж байгаа төсөл жилийн турш үргэлжилнэ. Улс болон аймгийн цолтой бөхчүүдээ цол цолонд нь тойргоор барилдуулж, жилийн эцэст хамгийн олон даваа авсан бөхийг оны тэргүүн бөхөөр өргөмжлөх юм. Мөн үндэсний спортоо орчин цагт нь тохируулж, шинэлэг хэлбэрээр үзэгчдэд хүргэх.  

-Цар тахлын тоо манай улсад өдрөөс өдөрт ихэсч байгаа энэ үед үзэгчдэд хэрхэн хүргэх вэ?

-Бүх талын эрсдэлийг тооцож танхимын үзэгчгүй зохион байгуулна. Ингэхдээ Unilive, Skylive, DDISH 900, Looktv, Skygo сувгаар төлбөртэйгээр хүргэнэ. Харин “25” дугаар телевизээр гарч байгаа зургаан цуврал реалит шоу нэвтрүүлэг энэ сарын 8-наас эхэлж үзэгчдэд үнэ төлбөргүй хүрч байгаа.   

-Үзэгчид бооцоог их сонирхож байна. Нууц биш бол манай сайтын уншигчдад мэдээллэнэ үү?

-Даваа тус бүрийг сая төгрөгөөр үнэлж байгаа. Тэгэхээр нэлээн өрсөлдөөнтэй, гал гарсан барилдаан болох байх.

Нийтэлсэн: У.Баярсайхан

С.Гантөр: Монгол Улсын харцага цолтнуудын тойргийн барилдаан цуцлагдаагүй  
Үзсэн: 8512 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй