Шууд Chart

Дагестанчууд таван алттай тэргүүлж, хойд Осетууд гурван аваргатай удаалав

2021-03-15 12:26:36

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн гуравдугаар сарын 10-14-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үүдэд боллоо. 10 жинд болсон Оросын аваргад Дагестанчууд таван жинд алтан медаль хүртсэн тэдний мөнхийн өрсөлдөгч Хойд осетууд гурван түрүү хүртжээ.

Тэгвэл 70 кг-д Красноярскийн Исраил Касумов, 79 кг-д Кабардино Балкарын Малик Шаваев нар сүүлийн хэдэн жил дотооддоо ноёрхоод буй Уулынханы давамгайлалд цэг хатгалаа. Сүүлийн өдөр болсон дөрвөн жингийн тоймыг хүргэе.

61 кг: Европын наадам болон Европын аварга, ОХУ-ын гурван удаагийн аварга Буриадын Александр Богомоев коронавирусийн халдвар авч нутагтаа болсон тэмцээнийг өнжсөн. Өнгөрсөн жил Бельградад болсон Дэлхийн цомын тэмцээний аварга Дагестаны Абасгажи Магомедов сүүлийн хоёр жил дараалан улсынхаа аваргад түрүүлэв. Тэрбээр шигшээ барилдаанд нутгийн Муслим Мехтихановыг 4:1-ээр ялжээ. Хүрэл медалийг нутгийн бөх “Сингапур-2010” залуучуудын анхдугаар наадмын аварга Алдар Бальжинимаев, Хойд Осетийн Чермен Тавитов нар хүртсэн.

65 кг: Хамгийн анхаарал татсан өрсөлдөөн ихтэй жин. Олимп, дэлхийн аварга Сослан Рамонов зодоглоогүй. Гажимурад Рашидов, Бекхан Гойгереев, Давид Баев, Алан Гогаев, Ахмед Чакаев, Курбан Шираев, Рамазан Ферзалиев, Начын Куулар гээд дэлхий, тивийн олон медальтнууд “чихэлдсэн”. ДАШТ-ий нэг алт, хошой мөнгөн медальт Г.Рашидов шигшээд өнгөрсөн жилийн Улсын аваргад алдарт С.Рамоновыг 8:0-ээр хуурай хожин шуугиулж байсан Дагестаны 20 настай залуу Загир Шахиевийг 5:3-аар туршлага заан ялж дөрөв дэхээ улсын аварга болов. Олимпод өрсөлдөхийн тулд 70 кг-аас хасч доод жиндээ орж ирсэн “Нур-Султан-2019” дэлхийн аварга Д.Баев 1/8 шигшээд Дагестаны Муршид Муталимов 2:8-аар, манайхны эчнээ танил Куулар энэ даваанд Чакаевт 1:5-аар, өнөөх нь шөвгийн наймд Шираевт 0:3-аар ялагдлаа. Энэ жинд хүрэл медалийг 2020 оны Европын аварга Шираев, Абдулмажид Кудаев нар хүртэв. Медалийн төлөө барилдсан зургаан бөх бүгд дагестан эрчүүд байлаа.

79 кг: Кабардино Балкарын Малик Шаваев алтан медаль хүртэж багахан сенсаац тарилаа. Тэрбээр хагас шигшээд Хойд Осетийн Радик Валиевийг 8:6-гаар, шигшээд өнгөрсөн жилийн энэ жингийн аварга Ахмед Усмановыг 6:4-өөр ялж түрүүлэв. Аваргыг давж аварга гэдэг дээ. “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт Габи Набиев хагас шигшээд нутгийнхаа Усмановт 2:6-гаар ялагдсан ч хүрэл медалийг туршлага заан хүртэв. Нөгөө хүрлийг Р.Валиев Брянскийн Алихмаевыг 6:5-аар арай хийн ялж зүүлээ.

97 кг: Энэ жингийн босоо бөх алдарт Абдулрашид Садулаев барилдаагүй. Түүнийг эзгүйд Нур-Султаны ДАШТ-ий хүрэл медальт, өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга Алихан Жабраилов жин өгсч барилдаад гурван жил дараалан Оросын аварга болов. Тэрбээр алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жил Садулаевтай энэ жинд финалдаж түүнээс өндөр үнэлгээ авсан Аланигийн Асланбек Сотиевыг 5:0-ээр яллаа. Хүрэл медалийг Сотиевийн нутгийн залуус Знаур Коциев, Хох Хугаев нар хүртсэн юм.

Сүүлийн өдрийн дүн:

61 кг:

  1. Абасгаджи Магомедов (Дагестан)
  2. Муслим Мехтиханов (Дагестан)
  3. Чермен Тавитов (Алания)
  4. Алдар Бальжинимаев (Буриад)

65 кг:

  1. Гажимурад Рашидов (Дагестан)
  2. Загир Шахиев (Дагестан)
  3. Курбан Шираев (Дагестан)
  4. Абдулмажид Кудиев (Дагестан)

79 кг:

  1. Малик Шаваев (Крым)
  2. Ахмед Усманов (Дагестан)
  3. Радик Валиев (Алания)
  4. Гажи Набиев (Дагестан)

97 кг:

  1. Алихан Жабраилов (Дагестан)
  2. Асланбек Сотиев (Алания)
  3. Знаур Коциев (Алания)
  4. Хох Хугаев (Алания)
Нийтэлсэн: У.Баярсайхан

Дагестанчууд таван алттай тэргүүлж, хойд Осетууд гурван аваргатай удаалав  
Үзсэн: 1510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй