Шууд Chart

Сидаков улсдаа гурав дахиа түрүүлж Токиог зорих болзлоо бараг хангалаа

2021-03-16 16:11:35

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод болж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 70, 74, 125 кг-ын жингийн шигшээ барилдаан болов.

70 кг: Монголчуудын эчнээ танил Евгений Жербаев нутгийн дэвжээн дээрээ түрүүлж чадсангүй. Тэрбээр шигшээ барилдаанд ЕАШТ-ий хоёр хүрэл медальт Исраил Касумовт 3:5-аар ялагдав. Буриадууд ЗХУ-аас задарснаас С.Замбалов, А.Матюнов, Д.Жамсуев, М.Молонов, К.Хангалов, А.Богомоев гээд дандаа хөнгөн жингийн бөхчүүд нь аваргалж байсан бол дунд жинд хараахан Оросын аваргад түрүүлээгүй яваа. Нутгийнхан Жербаевт өндөр итгэл хүлээлгэсэн ч түүнийг 30 настай Касумов туршлага заан ялсан. Улсын аваргад өмнө нь гурван удаа үзүүрлэсэн Касумов Улаан-Үүдэд бараг сүүлийн дайралтаа хийж анх удаа түрүүлэв. Энэ жинд хүрэл медалийг өнгөрсөн жилийн Оросын аварга Чермен Валиев, Санкт-Петербургийн Абдулла Ахмедов нар хүртлээ.

74 кг: Өрсөлдөөн ихтэй жин. Дэлхийн хошой аварга Заурбек Сидаков, Магомедрасуль Газимагомедов, дэлхийн аварга Магомед Курбаналиев, Дэлхийн цомын аварга Разамбек Жамалов нарын тэргүүтэй олон шилдгүүд хүч үзэв. Харин энэ жингийн шилдгүүдийн нэг ДАШТ-ий алт, мөнгөн медальт Хетик Цабалов барилдаагүй. 74 кг-ын жингийн дэлхийн шилдэг бөх Жордан Барроуз, Франк Чамизо нарыг сүүлийн хоёр удаагийн дэлхийн аваргад ялсан Хойд Осетийн Сидаков Оросын аваргаар гурав дахь удаагаа тодров. Тэрбээр хүнд барилдаан хийж аваргалсан бөгөөд шөвгийн наймд Магомед Курбаналиев, хагас шигшээд Тимур Бижоевыг тус бүр 5:3-аар, шигшээд нас залуу Жамаловыг 3:2-оор тус тус яллаа. Хэдийгээр Оросууд олимпод явах бүрэлдэхүүнээ зарлаагүй ч Сидаковыг авч явах болов уу даа. Хүрэл медалийг дэлхийн аварга дагестан эрчүүд туршлага заан хүртцгээв.

125 кг: Өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга 23 настай дагестан залуу Шамиль Шарипов олимпийн эрхийн тэмцээнд хүч үзэхээр болсон бол гурван удаа Оросын аварга болж байсан Алан Хугаев зодоглоогүй. Гэсэн хэдий ч доод жингээс өгссөн Европын аварга Владислав Байцаев, хүнд жинд Оросын аваргад түрүүлж, тивийн аваргаас медаль хүртэж явсан Анзор Хизриев, Мурадин Кушхов нарт боломж байсан ч аваргалах байтугай медаль ч хүртэж чадаагүй. Манайхны эчнээ танил Балдан Цыжиповыг нутгийн дэвжээн дээрээ түрүүлэх сайхан боломж гарч ирсэн ч хагас шигшээд Аланигийн үлэмж биет залуу Азамац Теблоевт цэвэр ялагдав. Түүнийг шигшээд Чувашийн Сергей Козыров 3:3-аар ялж анх удаа улсын аварга боллоо. Козыров шигшээд хүрэх замдаа ах дүү Анзор болон Зелимхан Хизриев нарыг дараалан ялсан. Хүрэл медалийг Буриадын Балдан Цыжипов, Санкт-Петербургийн Анзор Хизриев нар хүртэв.

Хоёр дахь өдрийн дүн:

70 кг:

  1. Исраил Касумов (Красноярск)
  2. Евгений Жербаев (Буриад)
  3. Абдулла Ахмедов (Санкт-Петербург)
  4. Чермен Валиев (Алания)

74 кг:

  1. Заурбек Сидаков (Алания)
  2. Разамбек Жамалов (Дагестан)
  3. Магомед Курбаналиев (Дагестан)
  4. Магомедрасул Газимагомедов (Дагестан)

125 кг:

  1. Сергей Козырев (Чуваш)
  2. Ацамаз Теблоев (Алания)
  3. Балдан Цыжипов (Буриад)
  4. Анзор Хизриев (Санкт-Петербург) 
Нийтэлсэн: У.Баярсайхан

Сидаков улсдаа гурав дахиа түрүүлж Токиог зорих болзлоо бараг хангалаа  
Үзсэн: 1079 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй