Шууд Chart

Заур Угуев Оросын аваргаар дөрөв дэхээ тодров

2021-03-16 16:13:51

Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод болсон.

Буриадууд ЗХУ задарснаас хойш түүхэндээ анх удаа эрэгтэйчүүдийн улсын аваргыг нутагтаа хүлээн авсан юм.  

Эхний хоёр өдөр болсон 57, 86, 92 кг-ын жингийн тоймыг хүргэе.

57 кг: “Будапешт-2018”, “Нур-Султан-2019” ДАШТ-ий алтан медальт, “Белград-2020” Дэлхийн цомын аварга Дагестаны Заур Угуев дөрөв дэх (2017, 2018, 2020, 2021 он) удаагаа Оросын аварга боллоо. Тэрбээр шигшээ барилдаанд 2019 оны залуучуудын Европын аварга Тувагийн Начын Монгушийг 9:5-аар ялав. Тувагийн 22 настай залуу Монгуш цаашид Оросын хөнгөн жингийн гол өрсөлдөгчийн нэг байх болов уу. Нэг хэсэг Оросын хөнгөн жинд якутууд гол өрсөлдөөн өрнүүлдэг байсан бол тувачууд цаашид гол өрсөлдөгч байх шинжтэй. Тэд Улаан-Үдэд харуулж энэ жинд дөрвөн тува залуу шөвгийн наймд тунан үлдсэн. Хүрэл медалийг өнгөрсөн жилийн Европын аварга Хойд Осетийн туршлагатай бөх Азамат Тускаев, Дагестаны Абубакар Муталиев нар хүртэв.

86 кг: Таамаг ёсоор өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга, Европын наадам болон Европын аварга Даурен Куруглиев, “Нур-Султан-2019” ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга Артур Найфонов нар шигшээд гарч ирсэн. Хэн ялсан нь энэ жилийн Европын аваргад оролцох цаашлаад хойд хөршийг төлөөлж энэ жинд олимпийн наадамд зодоглох байсан юм. Гэхдээ Токиод хэнийг барилдуулах эсэхийг нь шигшээ баг нь шийднэ. Тэд 2018, 2020 оны улсын аваргын финалд тунан үлдэхэд дагестан эр ялж байв. Тэгвэл Улаан-Үдэд таван насаар дүү Найфонов даагаа нэхэж 2:1-ээр ялснаар хошой аварга боллоо. Хүрэл медалийг 2018 оны ДАШТ-ий хүрэл медальт, Европын аварга Дагестаны Ахмед Гажимагомедов болон Магомед Рамазанов нар хүртэв. Рамазановын хувьд 1/4 шигшээд ДАШТ-ий хүрэл медальт Владислав Валиевыг 6:2-оор ялж, хагас шигшээд аварга болох ерөөлтэй Найфановыг илүүрхэж яваад 8:9-өөр харамсалтай ялагдсан.

92 кг: Сүүлийн гурван жилийн Оросын аварга Батырбек Цакулов зодоглоогүй бол Алихан Жабраилов жин өгсөн барилдсан. Тэднийг эзгүйд өнгөрсөн жилийн үзүүр бөх Дагестаны 28 настай Магомед Курбанов анх удаагаа улсын аварга болов. Дагестан залуу финалд Европын хошой аварга Красноярскийн Анзор Уришевтэй барилдалгүй түрүүлсэн. Хэдийгээр финалд барилдаагүй ч 34 настай ахмад бөх Уришевийг дурьдахгүй өнгөрч боломгүй. 2008 оноос хойш өрсөлдөөн ихтэй Оросын аваргаас 14 жил дараалан тасралтгүй медаль хүртэж ясны бөх гэдгээ харуулав. Хүрэл медалийг Кабардино Балкарын Анзор Закуев, ДАШТ-ий хүрэл медальт Аланиягийн 39 настай ахмад бөх Сослан Кцоев нар хүртлээ.

Тэмцээний дүн:

57 кг (41 бөх):

  1. Заур Угуев (Дагестан)
  2. Начын Монгуш (Тува)
  3. Азамат Тускаев (Алания)
  4. Абубакар Муталиев (Дагестан)

86 кг (38 бөх):

  1. Артур Найфанов (Алания)
  2. Даурен Куруглиев (Дагестан)
  3. Магомед Рамазанов (Дагестан)
  4. Ахмед Гажимагомедов (Дагестан)

92 кг (24 бөх):

  1. Магомед Курбанов (Дагестан)
  2. Анзор Уришев (Красноярск)
  3. Азамат Закуев (Кабардино Балкар)
  4. Сослан Кцоев (Алания)
Нийтэлсэн: У.Баярсайхан

Заур Угуев Оросын аваргаар дөрөв дэхээ тодров  
Үзсэн: 1391 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй