Шууд Chart

Алдарт Хинчегашвили олимпын эрх авч чадсангүй

2021-03-20 10:51:29

“Токио-2020” зуны олимпын XXXII наадмын бөхийн төрлүүдийн эрх олгох Европ тивийн тэмцээн Унгарын нийслэл Будапештийн “Bok Sports Hall”-д болов.

Эхний өдөр чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн зургаан жингийн барилдаан болж 12 эрхийн төлөө “Хөгшин тив”-ийн 30 орны 99 тамирчин өрсөлдөв.

Беларусь гурав, Армен, Азербайжан, Турк хоёр, Болгар, Гүрж, Герман улс тус бүр нэг эрх халаасаллаа.

Хамгийн анхаарал татсан жин 65 кг. 2019 оны Нур-Султаны Дэлхийн аваргад Ази тивээс дөрвөн бөх эрх авч, үлдсэн хоёрыг нь Европоос хоёр дагестан эр Гажимурад Рашидов (ОХУ), Исмаиль Мусакаев (Унгар) нар халаасалсан билээ.

Тивийн өрсөлдөөнөөс олимп, ДАШТ-ий алт, мөнгөн медальт Гүржийн алдарт бөх Владимир Хинчегашвили эрхээ авч чадсангүй. Тэрбээр 1/4 шигшээд өнгөрсөн жилийн Дэлхийн цомын аварга Армений Вазген Теванянд 4:6-гаар ялагдсан.

Армен залуу энэ жингийн ихэнх шилдгүүдийг ялж Токиог зорих эрхээ авсан бөгөөд Хинчегашвилиг мулталснаас гадна ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Болгарын Владимир Дубов, Польшийн Магомедмурад Гажиев болон Беларусийн Ньюрген Скрябин нарыг ялж, дэлхийн гурван удаагийн аварга Азербайжаны Хажи Алиевтэй хамт олимпыг зорих тийзээ баталгаажууллаа.

65 кг-ын жинд тавдугаар сард Болгарт болох Дэлхийн эрх олгох цорын ганц тэмцээнд хоёр эрхийн төлөө бидний хэлдгээр жинхэнэ “алаан” болно доо.

97 кг-ын жинд олимп, ДАШТ-ий хүрэл медальт Румыний Альберт Саритов шөвгийн наймд Туркийн Сулейман Караденизэд 4:6-гаар, 74 кг-д олимп, ДАШТ-ий хүрэл медальт Европын гурван удаагийн аварга Сонер Демирташ цагтаа Оросын аварга болж байсан Беларусийн дагестан легионер Магтомедхабиб Кадимагамедовт 7:8-аар ялагдаж мултарсан.

57 кг-ын жингийн хагас шигшээд ДАШТ-ий хүрэл медаль Украины Андрей Яценко Армений Арсен Арутюнянд, 86 кг-д ДАШТ-ий мөнгөн медальт Словакийн Борис Макоев Туркийн Осман Гоченд оноогоор цэвэр ялагдсныг эс тооцвол таамагт байсан бөхчүүд олимпийн эрхээ авлаа.

Харин хүнд ОХУ-аас зодоглосон 2020 оны Дэлхийн цомын аварга Шамиль Шарипов хагас шигшээд Беларусийн Денис Хроменковт эцсийн мөчид 4:4-өөр харамсалтай ялагдаж эрхээ авч чадаагүй. Болгарын эрхийн тэмцээнд энэ жилийн Оросын аварга 20 настай залуу Сергей Козырев явах нь бараг тодорхой биз. 125 кг-д нөгөө эрхийг харьцангүй хөнгөн сугалаа татсан Германы Геннадий Кудинович хагас шигшээд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Азербайжаны ахмад бөх Жамаладдин Магомедовыг хялаалгасаар оноогоор цэвэр ялж авлаа.

Европ тивээс олимпын наадамд эрх авсан бөхчүүд

57 кг: Георги Вангелов (Болгар), Арсен Арутюнян (Армен)

65 кг: Хажи Алиев (Азербайжан), Вазген Теванян (Армен)

74 кг: Хаджимурад Гажиев (Азербайжан), Автандил Кенчадзе (Гүрж)

86 кг: Али Шабанов (Беларусь), Осман Гочен (Турк)

97 кг: Александр Гуштын (Беларусь), Сулейман Карадениз (Турк)

125 кг: Геннадий Кудинович (Герман), Денис Хроменков (Беларусь)

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Алдарт Хинчегашвили олимпын эрх авч чадсангүй  
Үзсэн: 910 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй