Шууд Chart

"Жонсон & Жонсон"-ы вакцин ховор төрлийн гаж нөлөө үзүүлж байж магадгүй 

2021-04-22 13:30:11

Европын Эмийн агентлаг ховор төрлийн цусны бүлэгнэлийг АНУ-ын "Жонсон энд Жонсон" компанийн коронавирусний эсрэг вакцины маш ховор тохиолдох гаж нөлөөний жагсаалтад бүртгэж авах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

Одоогоор АНУ-д долоон сая гаруй хүн "Жонсон энд Жонсон" компанийн коронавирусний вакциныг хийлгэснээс тархинд болон биеийн бусад хэсэгт цус бүлэгнэсэн найман тохиолдол бүртгэгдсэнээс нэг тохиолдол нь маш ноцтой байгаа юм байна.

Дээрх агентлагийн судалгааны дүгнэлтээр "Жонсон энд Жонсон"-ы вакцинаас үүдэлтэй цусны бүлэгнэл нь цусны маш бага түвшний ялтастай хавсарсан байгаа нь "Астразенека"-гийн вакцинаас илэрсэн гаж нөлөөтэй адилхан байгаа юм байна. Үүний зэрэгцээ дээрх найман тохиолдол нь 60-аас доош насныханд "Жонсон энд Жонсон"-ы вакцин хийлгэснээс гурван долоо хоногийн дараа илэрсэн, дийлэнх нь эмэгтэйчүүдэд илэрсэн тохиолдол байна.

Гэхдээ Европын Эмийн агентлаг уг вакцины цар тахлаас урьдчилан сэргийлэх үр нөлөө вакцины гаж нөлөө үүсэх эрсдэлээс хамаагүй өндөр байгааг онцлоод, хэрвээ "Жонсон энд Жонсон"-ы вакциныг хийлгэснээс гурван долоо хоногийн дотор амьсгалахад хүндрэлтэй болох, цээж хөндүүрлэх, хөл гуйвах гэх мэт шинж тэмдэг илэрвэл яаралтай эмнэлэгт хандахыг зөвлөж байна.

Европын Эмийн агентлаг судалгааны дүгнэлтээ танилцуулсны дараа "Жонсон энд Жонсон" компани маш ховор төрлийн цусны бүлэгнэлийн шинж тэмдэг илэрч буйд анхаарч ажиллахыг эрдэмтэн мэргэжилтнүүддээ зөвлөж байгаагаа мэдэгджээ.

"Жонсон энд Жонсон"-ы вакцин нь коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэхэд нэг тунгаар хийх зориулалттай вакцин юм.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

"Жонсон & Жонсон"-ы вакцин ховор төрлийн гаж нөлөө үзүүлж байж магадгүй   
Үзсэн: 753 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй