Шууд Chart

Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргана

2021-05-06 14:46:21

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо 2021.04.27-ны өдрийн хуралдаанаараа Улсын Их Хурлаас 2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр баталсан Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулсан. Улсын Их Хурлын гишүүн  П.Анужингийн ахалсан тус Ажлын хэсэг өчигдөр /2021.05.05/ хуралдав.

Ажлын хэсэгт А.Адъяасүрэн, Т.Аубакир, Б.Баярсайхан, Х.Ганхуяг, Б.Жаргалмаа, Ч.Ундрам, С.Чинзориг нар ажиллаж байгаа юм.

Ажлын хэсгийн хуралдаанд Боловсрол, шинжлэх ухааны яамны Хөрөнгө оруулалтын газрын дарга Ч.Энх-Амгалан Ерөнхиий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн талаар болон Улсын Их Хурлын 2019 оны “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 53 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулав. Мөн салбарын холбогдох байгууллагуудын төлөөлөл оролцож, гишүүдэд мэдээлэл өглөө.

Цаашид Ажлын хэсэг хууль, тогтоолын хэрэгжилттэй холбогдуулан зарим ерөнхий боловсролын болон тусгай хэрэгцээт сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцана. Сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах болон сургууль дотор стандартын шаардлага хангасан ундны усаар суралцагчдад үйлчлэх нөхцөл бүрдүүлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургуулийн хүүхдийн хоолны зардлын нормативыг шинэчлэн батлах  талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох тооцоолол зэргийг шалган, танилцсанаар хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлт гарган, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлнэ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  


Ажлын хэсэг хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргана  
Үзсэн: 361 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй