Шууд Chart

Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв

2021-05-06 18:30:17

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2021.05.06) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэж, дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж цахимаар танилцуулсан юм. 

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болж, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 25 дугаар зүйлийн 25.8.2 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.3 дахь хэсэг, 30 дугаар зүйлийн 30.3, 30.4 дэх хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг, 56 дугаар зүйлийн 56.9 дэх хэсэг, 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 76.3 дахь хэсэг, 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн зарим заалт, мөн зүйлийн 95.3, 95.7 дахь хэсэг, 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дугаар хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцжээ.

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар дээрх маргааныг хянан хэлэлцээд Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын  үндсэн  дээр  Улсын  Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасан нь; мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 3, 5, 6 дахь хэсгийг тус тус зөрчсөн байна гэж дүгнэжээ.

Харин Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.4, 95.5 дахь хэсгийн холбогдох заалт, мөн хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Хорьдугаар зүйл, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4, 6 дахь заалт, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус зөрчөөгүй байна. Мөн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.4 дэх заалт, 36 дугаар зүйлийн 36.8, 36.9, 36.10 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.4, 36.5, 36.7 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.3 дахь хэсэг, 95 дугаар зүйлийн 95.3 дахь хэсэг нь Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 4, 5, 6, Жаран есдүгээр зүйлийн 4, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийг, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.5 дахь хэсэг, 105 дугаар зүйлийн 105.8 дахь хэсэг, 110 дугаар зүйлийн 110.6, 110.7 дахь хэсэг, 112 дугаар зүйлийн 112.8 дахь хэсэг Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 12 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна гэж үзсэн байна.

Иймээс Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.2 дахь хэсэгт “... бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно.”, 95 дугаар зүйлийн 95.4 дэх хэсэгт “... Сахилгын хорооны бүрэлдэхүүнд орох бусад таван гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулалтын үндсэн дээр Улсын Их Хурал томилно. ...”, 95.5 дахь хэсэгт “... Улсын Их Хурал энэ хуулийн 77.1, 77.2, 77.3, 77.4, 77.5, 77.6, 77.7, 77.8, 77.9, 77.10-т заасан журмыг баримтлан Сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг сонгон шалгаруулж, томилно.” гэж заасныг; мөн тус хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-77.11 дэх хэсэг, 95 дугаар зүйлийн 95.7 дахь хэсгийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу 2021 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Хууль зүйн байнгын хороо өчигдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт танилцуулсан юм.

Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Ж.Сүхбаатар, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж тодруулан байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн асуултад Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр нар хариулт өгсөн юм. Тухайлбал, Байнгын хорооны дарга С.Бямбацогт хариултдаа, цэцийн хуралдааны тов зарлагдсан үед хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Улсын Их Хурлаас томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч хоёр удаа тавьсан боловч цэц хүсэлтийг хүлээж авалгүйгээр хуралдаж шийдвэрээ гаргасан. Энэ нь цэц маргааныг хянан хэлэлцэхдээ талуудын эрх тэгш байдлыг хангаж, мэтгэлцэх, тайлбар мэдээллийг сонсох бололцоог бүрдүүлсэн байх зарчмыг алдагдуулахад хүргэсэн байна. Энэ тухай Байнгын хорооны хуралдаанд яригдаж, дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн гэлээ.   

Цэцийн дунд суудлын хуралдаанд Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдсон Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр хариултдаа, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын шүүхийн тухай хууль бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн учир хянуулах нь зүйтэй гэсэн агуулгатай хүсэлтийг 2021 оны хоёрдугаар сарын 9-нд цэцэд гаргасан. Харин бүхэлдээ Үндсэн хууль зөрчсөн гэсэн энэ шаардлагаасаа 2021 оны гуравдугаар сарын 11-нд татгалзаад зургаан асуудлаар Үндсэн хууль зөрчсөн гэсэн асуудлыг дахин тавьсан. Энэ хүсэлтийн дагуу Үндсэн хуулийн цэц дунд суудлаараа хуралдаад 03 дугаар дүгнэлтийг гаргасан байна.

Хатуу хөл хорионы дэглэм хэрэгжиж байгаа учраас хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хоёр удаа тавьсан ч цэц хүлээн авалгүй дунд суудлын хуралдаанаа хийж, Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч хуралдаанд биечлэн оролцох боломжийг хангаагүй, тайлбарыг бичгээр хүлээн аваагүй. Энэ нь талуудад мэтгэлцэх боломж олгох, тэгш оролцоог хангах зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

Цэц дүгнэлтдээ зургаан асуудлын тав нь Үндсэн хууль зөрчөөгүй байна гэж дүгнэсэн бол нэг асуудал нь Үндсэн хууль зөрчсөн гэж байна гэж үзжээ. Үндсэн хууль зөрчсөн гэсэн дүгнэлт нь Шүүхийн ерөнхий зөвлөл болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй сонгон шалгаруулалтын үр дүнгээр сонгон шалгаруулж, Улсын Их Хурал томилох нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг алдагдуулсан шинжтэй байна гэж үзсэн явдал юм.

Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалтаа хайхарч үзээгүй, ойлгоогүйд харамсаж байна. Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүдийг нээлттэй нэр дэвшүүлж, сонгон шалгаруулна гэдэг нь хэн нэгэн нэр дэвшүүлж болохгүй гэсэн агуулгатай. Зөвхөн иргэд өөрсдөө нэрээ дэвшүүлнэ, түүнд тулгуурлан сонгон шалгаруулалт явуулна, Байнгын хороо томилгооны сонсгол хийнэ. Энэ бүх ажиллагаа нь хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийтийн өргөн оролцоотой явагдана. Эцсийн шатанд сонгон шалгаруулалтаар шалгарсан нэр дэвшигчийг Улсын Их Хурал хэлэлцэж томилох хуулийн зохицуулалттай гэдгийг хэллээ.

Ингээд Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн талаарх Хууль зүйн байнгын хорооны саналын томьёолол тус бүрээр санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Иймээс энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлах санал хуралгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 69.8 хувь нь дэмжсэн юм. Үүгээр чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан өндөрлөлөө гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.  


Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 03 дугаар дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэв  
Үзсэн: 328 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй