Шууд Chart

“Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулж, туршилтаар ажиллуулж эхлэв

2021-05-07 15:37:53

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг удирдах болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого, зохицуулалтын шийдвэр гаргахад статистик мэдээлэлд тулгуурласан шинжлэх ухааны үндэслэлтэй, ирээдүйд бий болох үр дүнгийн тооцоо, судалгаатай байх боломжийг хангахад зориулсан “Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулж, туршилтаар ажиллуулж эхэллээ.

Системийн динамик загварыг Олон улсын шилжих хөдөлгөөний байгууллага (ОУШХБ)-ын дэмжлэгтэйгээр доктор (PhD) Б.Ууганбаяраар ахлуулсан зөвлөх баг боловсруулж, ажилласан бөгөөд уг зөвлөх баг системийн динамик загварын хүрээнд эхний байдлаар хийсэн тооцоо, мэдээллийг ХНХЯ-ны удирдлагуудад танилцуулж, загварыг хүлээлгэн өглөө. Зөвлөх баг загварын хөгжүүлэлтэд үргэлжлүүлэн ажиллах юм. Арга хэмжээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Дэд сайд С.Зулпхар (загвар боловсруулах Ажлын хэсгийн ахлагч), сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батцэцэг, ОУШХБ-ын Үндэсний төслийн мэргэжилтэн Ю.Оюунхишиг болон яамны холбогдох хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, зөвлөх багийн бүрэлдэхүүн оролцлоо.

Орчин үед зах зээл өндөр хөгжсөн орнуудад системийн динамик загварчлалыг удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих хэрэгсэл болгон ашигладаг бөгөөд энэ нь аливаа бодлого, зохицуулалтын шийдвэрийг гаргаснаар бий болох үр дүн, үр дагавар, эрсдэлийг компьютерийн загварчлалын дагуу тооцоолон бодох (симуляци), турших, таамаглал дэвшүүлэх болон бусад холбогдох мэдээллийг шийдвэр гаргагчдад өгөх боломжтой болгодог.

“Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлогын шийдвэр гаргахад ашиглахаас гадна үндэсний хэмжээний хөгжлийн бодлого, төлөвлөлт, салбар дундын болон бүс нутгийн хэмжээнд шийдвэр гаргахад ашиглах бүрэн боломжтой юм.

Цаашид энэхүү системийн динамик загварыг зөвхөн бодлого боловсруулагчид ашиглах бус оюутан, судлаачид, иргэдэд нээлттэй байдлаар ашиглуулж, зах зээлийн болон хөдөлмөрийн эдийн засгийн үзүүлэлтүүд хоорондын харилцан хамаарал, тэдгээрийг тооцох аргачлал, математик тэгшитгэл бүхий тооцооллын симуляци хийх талаар ойлголт, мэдлэгтэй болгох, илүү сайжруулж, хөгжүүлж ажиллуулах тухай саналыг нь тусгах зэргээр хэрэглэхэд анхааран ажиллаж байна.

Эх сурвалж: ХНХЯ


“Хөдөлмөр эрхлэлтийн системийн динамик загвар”-ыг боловсруулж, туршилтаар ажиллуулж эхлэв  
Үзсэн: 690 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй