Шууд Chart

Ардын засгийн анхны наадамд дипломат хэмээх Дамдин түрүүлж байв

2021-05-11 16:12:20

Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадам энэ жил болно. Түүхэн, өндөр их ойг хэрхэн болохыг хоног тоолон суугаа үзэгч, уншигчдадаа зориулж уг баяр наадмыг угтсан мэдээлэлийг манай сайт хүргэсээр байх болно.

Юуны түрүүнд Ардын засгийн анхны баяр наадам болсон газрын тухай өгүүлье.

1921 онд тус баяр наадмыг Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Заргачийн овоо буюу Солдат толгойг тахин, 64 бөх барилдаж, засгийн газрын дипломат хэмээх Дамдин түрүүлж, Сайд ханын Цагаан нуурын харьяат, улсын начин Бат-Очир үзүүрлэж байжээ.

Сэлэнгэ аймгийн долоон гайхамшгийн нэгэнд Ардын хувьсгалын өлгий Алтанбулаг сум зүй ёсоор ордог. Тус сум нь Монгол Улсын 330 сумаас хамгийн өндөр настай бөгөөд энэ жил 292 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна.

1921 оны гуравдугаар сарын 18-ны үүрээр Ардын журамт цэрэг Алтанбулаг хотыг харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн нь Монгол Улсын тусгаар тогтнолын түүхэн гавьяа болж үлджээ. Тус суманд хувьсгалын музей, манай улсын анхны бага сургууль, анхны банкны болон шүүхийн байшин, Дөрвөлжин сүм, Ардын журамт цэргийн анхны байшин зэрэг түүх, дурсгалын газрууд байдгаараа онцлогтой. Мөн тус сумын нутаг дэвсгэрт “Төгсгөө” булаг хэмээх үзэсгэлэнт нуур бий. Сүхбаатар хотоос Алтанбулаг сум орох замын өмнө талд сумын төвөөс 5-6 км зайд “Сэлэмт” хөшөө байдаг. Хөшөө босгосон өндөрлөгийг Мааньт чулууны хөтөл хэмээн дээр үед нэрлэж байсан ба түүний баруун урд талд элсэн довцогоос эх авсан булгийг Төгсгөө булаг хэмээдэг юм. Эл булгийн зүүн гар талаар үргэлжилсэн төгөл бургасыг “Улаанбургас”, элсэн доторх бөөн нарсыг “Зуун цэргийн дугны нарс” гэдэг.

Мөн Алтанбулаг сумын өмнө талд Сүхбаатар хотоос ирэх замын баруун талд орших толгойг Заргачийн овоо, Солдат толгой гэж нэрлэдэг. 1921 оны зургаадугаар сарын 5-нд Алтанбулагийг эзлэхээр довтлон ирсэн Баяргүний цэрэгтэй эсэргүүцэн тулалдахад энэ овоон дээр байрласан ардын журамт цэргийн пулемёнт галлаж овооны талаас Монгол, Зөвлөлтийн морин цэрэг дайсны эсрэг давшилтад орж байжээ.

1921 оны зургаадугаар сарын 30-нд ардын журамт цэрэг Алтанбулагаас Зөвлөлтийн улаан цэргийн туслан хамгаалах ангийн хамт Нийслэл хүрээг чөлөөлөх аян дайнд мордож, долоодугаар сарын эхээр Нийслэл хүрээг чөлөөлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ардын засгийн анхны наадамд дипломат хэмээх Дамдин түрүүлж байв  
Үзсэн: 1361 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Алтанбулагийн иргэн [127.0.0.xxx] 2023-04-30 01:23
Төгсгөө бцлаг гэж нуур байдаггүй байгаа шүү.Булаг л бий.

Бидэнтэй нэгдээрэй