Шууд Chart

Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулна

2021-05-17 11:08:44

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвөөс хийсэн юм. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга Хотын даргын өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг, даалгаврын биелэлтийг танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн Засаг дарга есөн чиглэлээр үүрэг даалгавар өгснөөс биелэлт 87.8 хувь байна” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар шуурхай зөвлөгөөний төгсгөлд үүрэг өглөө. Тухайлбал, Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин болгох, нийтийн тээврийн маршрут, сүлжээ төлөвлөлт, хүртээмжийг сайжруулах, такси үйлчилгээний хүрэлцээг нэмэгдүүлэх, санал боловсруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал ихээр үйлдэгддэг цэгүүдийг тодорхойлох, холбоос зам болон явган зорчигчдын хөдөлгөөн зохион байгуулалт, орц, гарцын асуудлыг эцэслэн шийдвэрлэх ажлуудыг эрчимжүүлж, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг үүрэг болгов.

Мөн зуслангийн чиглэлийн нийтийн тээврийн үйлчилгээг эхлүүлж, хөдөлгөөний аюулгүй байдлын зохицуулалт хийх, хог цэвэрлэгээ, тээвэрлэлтийг сайжруулах ажлуудыг зохион байгуулахыг даалгалаа.  Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зогсохыг хориглосон газар болон явган хүний зам дээр автомашинаа байрлуулсан тохиолдолд журамлах, зөрчлийн талаар иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн зөрчлийг арилгаж, олон нийттэй хамтран ажиллах, шаардлагатай газарт нь түр зогсохыг хориглох тэмдэг, тэмдэглэгээг байршуулж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн зам, талбайг хашаалж, хайс, хашлага, татсаныг чөлөөлж байгаа. Иймээс Хотын дарга нийслэлийн төр, захиргааны байгууллагын удирдлагууд, НИТХ-ын төлөөлөгч болон иргэдийг хууль бусаар эзэмшиж байгаа газрыг чөлөөлөхөд манлайлан оролцож, үүнтэй холбоотой мэдээллийг нээлттэй уламжилж, мэдээлэхийг уриаллаа.

Мөн “Сануулаад болохгүй бол сахилгын арга хэмжээ авах хэрэгтэй. Нураагаад байхад малын хашаа барьж байгаа мэт хашаа татаж байна. Түүхт Улаанбаатар хот маань ийм байж болохгүй. Сануулж, бүр болохгүй бол хуулийн хүрээнд арга хэмжээ ав. Гэхдээ “Хотын дарга арга хэмжээ ав гэсэн” гээд торгоод байж болохгүй. Ёс зүйтэй байх хэрэгтэй. Иргэдээ сайн уриалж, мэдээлэл хүргэ” гэсэн юм. Түүнчлэн нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайд тохижилтын ажлуудыг хийлгэхийг үүрэг болголоо.


Нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн цэвэрлэгээг тогтмолжуулна  
Үзсэн: 278 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй