Шууд Chart

Москва хотын их сургуулиудын Монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн багш нартай уулзав

2021-05-17 12:29:45

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа Москва хотын их сургуулиудын Монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн багш нартай 2021 оны тавдугаар сарын 14-ний өдөр уулзаж, талуудын харилцан сонирхсон асуудлаар ярилцав.

Элчин сайд Д.Даваа уулзалтын үеэр Монгол судлалын чиглэлд идэвхтэй, үр бүтээлтэй ажиллахын зэрэгцээ уламжлалт найрсаг харилцаатай хоёр орны хамтын ажиллагааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд түүчээлэн хөтлөх Монгол судлал, олон улсын харилцаа, монгол хэлний мэргэжлийн өндөр мэргэшлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд өөрийн оюун ухаан, мэдлэг, ур чадвараа зориулан зүтгэж байгаад нь багш нарт талархал илэрхийлээд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд Элчин сайдын яамны зүгээс хийж буй болон хийхээр төлөвлөж байгаа ажлын талаар мэдээлж, тэдний сонирхсон асуудлаар харилцан ярилцав.

Уулзалтын үеэр талууд Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах Монгол хэл, уран зохиол, Монголын түүх, соёлыг ОХУ-ын их сургуулиудад бакалавр, магистрын хөтөлбөрөөр судлан суралцаж буй орос хэлтэн оюутнуудын дунд зарлах “Миний мэдэх Монгол орон, монгол хүн” сэдэвт эсээ бичлэгийн уралдааны удирдамжийн төсөл болон зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэж, уралдааны болзлыг Элчин сайдаар батлуулахаар тохиролцов.

Уулзалтад Үндэсний судалгааны “Эдийн засгийн дээд” их сургуулийн профессор, хэл бичгийн шинжлэх ухааны доктор А.Д.Цендина, доцент, хэл шинжлэлийн ухааны доктор И.А.Грунтов, багш Я.Н.Леман, М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Улсын их сургуулийн Ази, Африкийн сургуулийн орлогч захирал, соёл судлалын ухааны доктор О.А. Сапожникова, доцент, түүхийн ухааны доктор Р.Т.Сабиров, багш К.И.Бикмаева, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Москвагийн Олон улсын харилцааны дээд (их) сургуулийн ахлах багш Н.В. Фалеева, Москвагийн Хэл шинжлэлийн улсын их сургуулийн доцент, хэл шинжлэлийн ухааны доктор Д.Н.Васильева нар оролцов.


Москва хотын их сургуулиудын Монгол хэл, уран зохиол, Монголын түүхийн багш нартай уулзав   
Үзсэн: 689 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй