Шууд Chart

Гурван тенорын уянга

2021-05-17 12:42:28

Гурван тенор дуурийн тайзнаас олимпын цэнгэлдэхийг ч доргиож байлаа

Дэлхийн сонгодог дуурийн ноён оргил  нь алдарт дуучин Лучано Паваротти, Пласидо Доминго, Хосе Каррерас юм. Давтагдашгүй гурван алдартан урлагт  хайртай мянга, мянган хүний мөрөөдлийг биелүүлэн үлгэр амилах мэт алтан тайзан дээр нэгдэн алдарт “Гурван тенор” тоглолтоор үзэгчдийн  сонорыг мялааж байсан нь саяхан.

Тэд 1990 онд хамтдаа тайзан дээр анх  гарч байсан юм. Алдарт теноруудыг нэгтгэхийг Италийн импресарио Мари Дради санаачилсан байна. 1989 оны зургаадугаар сард Хосе Каррерас Чинчианод зохион байгуулсан тоглолтынхоо дараа ирээдүйн уран бүтээлийн төлөвлөгөөг хэлцэж байхдаа санаандгүй наргиан болгоод ийм санааг хэлтэл Мари Дради овжноор өлгөн авч ажил хэрэгчээр  төсөл боловсруулж эхэлжээ.

Гэхдээ тоглолтыг зохион байгуулахад аятайхан тохироо бүрдүүлэх хэрэгтэй. Тэд чинь өөр өөрийн алдрын оргилд хэдийнэ гарчихсан жинхэнэ одууд шүү дээ. Ёстой л юм бүхний эхлэл хэцүү хойно сайн санааны буяны тоглолт нэрийн дор тэднийг нэгтгэж чаджээ. Тэд анхны хамтарсан бэлтгэлээ 1989 онд Ромд хийж эхэлсэн байна.

Найруулагчийн төлөвлөсөн ёсоор тэд хөтөлбөрийн ихэнх хэсэгт тус тусдаа дуулаад оргил болон төгсөл хэсэгт хамтран дуулах байлаа. Гэтэл гайхалтай нь гурван тенор хэн хэнийхээ аль ч дуурийн хэсгийг төвөггүй дуулж чадаж байсан юм. Цорын ганцхан тоглогдсон анхны тоглолтыг домогт удирдаач Зубин Метаг урин авчирч концертыг удирдуулжээ. Түүнийг урин залсан тухай сониныг Сингапурт тоглолтоор явж байхдаа олж үзээд “Хэвлэлийн ээлжит шуугиан” гэж бодоод итгээгүй талаар хожим дурсан ярьжээ.

Алдарт гурвалын хамтарсан анхны тоглолт 1990 оны долоодугаар сарын 7-нд Ром хотноо хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тоглосон юм. Энэ тоглолтод Ром болон Флоренцийн дуурийн найрал хөгжмийн бүтэн хоёр оркестр бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцжээ. Тэдний дуулсан ”Nessun Dorma” студид бичүүлсэн  арийн бичлэг хөгжмийн ертөнцийг сэрээж, борлуулалтаараа тухайн үедээ Гиннесийн амжилтын номд бүртгэгдэн шуугиан тарьж байв.

Улмаар тэд 15 жилийн турш хамтдаа 35 тоглолтыг хийжээ.

Алдарт дуучин Лучано Паваротти, Пласидо Доминго, Хосет Каррерас нарыг өнөөдөр зөвхөн урлагийн ертөнцөөс гадна олон сая спортын хорхойтнууд ч андахгүй мэддэг болжээ. 1990 оны Италийн тэмцээнээс хойш тэд спортын цэнгэлдэхийн даллага авсан мэт Лос-Анжелес 1994, Парис 1998, Йокагам 2002 оны  хөл бөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд ая дуугаа өргөсөн юм.

Өнөөдөр харамсалтай нь тэдний дунд XX зууны сонгодог дуурийн манлай, Италийн дуучин Лучано Паваротти алга. Тэрээр 2007 оны есдүгээр сарын 6-нд 72 насандаа хорвоог орхисон билээ.

Дуурийн “Сахалтай бөмбөрүүш” 2004 онд Метрополитен-опера театрт  Пуччинигийн “Тоска” дуурийн Марио Каварадоссийн дүрийг амжилттай бүтээгээд үзэгч олноосоо түмэнтээ хүлцэл өчин алтан тайзнаасаа буужээ. Харин тэрээр 2006 оны хоёрдугаар сарын 10-нд Турины өвлийн XX олимпийн нээлтийн ёслолд сүүлчийн удаа ая дуугаа өргөсөн юм.

2014 онд Москва хотноо Испанийн алдарт тенор хоолойт дуучин Пласидо Доминго, Хосе Каррерас нар хүрэлцэн ирж буяны тоглолтод оролцон  нийтийн хоор дуулсан ирээдүйн одуудтай халуун дотно ярилцан мэргэжлийн талаар сэтгэл харамгүй зөвлөгөөг өгсөн билээ.

Дэлхийн сонгодог дуурийн амьд домог болсон дуучдыг ОХУ-д айлчлан ирсэнд талархан тус улсын Ерөнхийлөгч В.Путин Ново-Огарев дахь шилтгээндээ хүлээн авч уулзан хүндэтгэлийн зоог барьж байсан юм.


Гурван тенорын уянга  
Үзсэн: 1527 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй