Шууд Chart

Хөнөөлт шавжийн олшрол нь ойн хомсдол, доройтлын үндсэн шалтгаан болж байна

2021-05-18 10:34:09

Монгол орны ой нь Сибирийн их тайгын өмнөд хил болон Төв-Азийн говь, цөлийн шилжилтийн бүсэд оршдог. Ойн тархалтын хил зааг дээр ургаж буй ой нь гадны хүчин зүйлийн нөлөөлөлд эмзэг, сөрөг нөлөөлөлд өртсөн тохиолдолд байгалийн аясаар сэргэн ургах чадавх сул байдаг.

Манай орны хувьд ойн амьдрах орчныг хязгаарлах хүчин зүйл нь ус, чийгийн хангамж бөгөөд үүнээс шалтгаалж ойн түймэр, хөнөөлт шавжийн олшрол нь ойн хомсдол, доройтлын үндсэн шалтгаан болж байна.

Ойн талбайн хомсдолоос сэргийлэхийн тулд ойн түймэр, хөнөөлт шавжид өртсөн болон мод огтолсон талбайд ойжуулалтын ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд Монгол Улсын хувьд ойжуулалтын ажилд мал бэлчээрлэлт сөрөг нөлөө үзүүлж байна.
Ойжуулалтын ажлын үр дүнг нэмэгдүүлэхийн тулд ойжуулсан талбайг мал бэлчээрлэлтээс чөлөөлөхөөс гадна бортоготой тарьцаар ойжуулалт хийх туршлагыг нэвтрүүлээд байна.

Ойн доройтлоос сэргийлэхийн тулд өтгөн шигүү ургасан ойн сангийн талбайд гэрлийн хангамж, нэг модонд оногдох нөөц, мод хоорондын зайг тохируулах арчилгааны ажлыг хэрэгжүүлснээр ойн өсөлт, хөгжилтийн үйл явцыг эрчимжүүлэхээс гадна түймэр, хөнөөлт шавжид өртөх эрсдэлийг бууруулдаг байна.

Мөн доройтсон хүлэрт намгархаг газруудыг нөхөн сэргээх, өнөөгийн хүлэрт намгархаг газруудыг нөлөөллөөс ангид байлгах нь малчдын амьжиргаанд эергээр нөлөөлөөд зогсохгүй уур амьсгалын өөрчлөлтийн асар их нөлөөг бууруулахад томоохон ач холбогдолтой.

Эх сурвалж: БОАЖЯ


Хөнөөлт шавжийн олшрол нь ойн хомсдол, доройтлын үндсэн шалтгаан болж байна  
Үзсэн: 442 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй