Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдөр Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.2, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 161 дүгээр зүйлийн 161.5.1-д заасан чиг үүргийн хүрээнд “Монгол Улсын 2027-2029 оны дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл боловсруулахад ашиглах макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал”-ын тайлангийн үр дүнг танилцууллаа.
Хурлын эхэнд тус зөвлөлөөс Монгол Улсын эдийн засгийн гадаад болон дотоод орчны нөхцөл байдал, макро эдийн засгийн дунд хугацааны төлөв, түүнд нөлөөлж болзошгүй эрсдэл, бодлогын анхаарах асуудлуудын талаар мэдээллэв.
Таамаглалыг боловсруулахдаа гадаад эдийн засаг, геополитикийн нөхцөл байдал, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ, эрэлтийн хандлага, Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдлын шинжилгээ, макро эдийн засгийн загварын таамаглалд үндэслэжээ.
Гадаад орчны тодорхойгүй байдал, геополитикийн хурцадмал байдал, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн сааралт, түүхий эдийн үнийн хэлбэлзэл нь Монгол Улсын эдийн засгийн өсөлт, гадаад худалдаа, төсвийн орлогын төлөвт тодорхой эрсдэл үүсгэж болзошгүй төдийгүй нүүрсний зах зээлийн нөхцөл байдал, экспортын орлогын тогтворгүй байдал нь дунд хугацаанд анхаарах гол хүчин зүйлс гэдгийг тодотгов.
Мөн төсвийн тогтвортой байдалд нөлөөлж буй эрх зүйн орчны өөрчлөлт, төсвийн зарлагын өндөр өсөлт нь төсвийн дунд хугацааны бодлогын хувьд анхаарах гол асуудлууд гэж Зөвлөл үзжээ.
Дотоод эдийн засгийн хувьд 2025 онд эдийн засгийн өсөлт өндөр гарсан боловч энэ нь тодорхой хэмжээнд суурь түвшний нөлөөлөлтэй холбоотой бөгөөд дунд хугацаанд тогтвортой үргэлжлэх боломж хязгаарлагдмал гэж дүгнэж байна.
Иймд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ гадаад, дотоод орчны эрсдэлийг харгалзан үзэж, төсвийн зарлагын өсөлтийг хэт нэмэгдүүлэхгүй байх, томоохон төсөл, хөтөлбөрүүдийн санхүүжилтийн эх үүсвэрийг бодитой тооцох, төсвийн төлөвлөлтийг хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулах шаардлагатайг Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс онцоллоо.
Дунд хугацаанд төсвийн бодлогыг хэрэгжүүлэхдээ төсвийн зарлагын ДНБ-д эзлэх хувь, төсвийн алдагдлыг бууруулах бодлогыг үргэлжлүүлэх, хөрөнгө оруулалтыг эрэмбэлэх, үр ашгийг дээшлүүлэх, дэс дараалал бүхий бодлогын чиглэлтэй уялдуулах, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх, төсвийн мөчлөг сөрсөн бодлогыг бодитой хэрэгжүүлэх, татварын болон ашигт малтмалын зэрэг томоохон эрх зүйн орчны өөрчлөлтийн нөлөөллийг бодитой харгалзан үзэх шаардлагатай зэрэг зөвлөмжийг өгч байгаагаа Зөвлөл танилцууллаа.
Мөн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 12.4-т заасны дагуу Монгол Улсын макро эдийн засгийн бодлого, төсвийн тогтвортой байдлыг хангах хүрээнд боловсруулсан дунд хугацааны макро эдийн засгийн таамаглал, бодлогын зөвлөмжийг холбогдох төрийн захиргааны төв байгууллагад хуульд заасан хугацаанд хүргүүлэн ажиллажээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
| Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын талаарх таамаглалын тайланг танилцуулав | ||
| Үзсэн: 143 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.