Шууд Chart

Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна

2026-03-13 17:10:45

Эрүүл мэндийн яамны Даатгалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Отгонбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Н.Хүрэлбаатар болон албаны хүмүүс Өмнөговь аймгийн Цогтцэций суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга, Эрүүл мэндийн төвийн дарга, эмч, ажилтан бусад төлөөллүүдтэй уулзлаа.
 
Уулзалтын үеэр эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, хүний нөөц, тусламж үйлчилгээний нөхцөл байдалтай танилцав.
 
Цогтцэций сумын эрүүл мэндийн төв нь нийт 54 эмч, ажилтантай. Үүнээс их эмч 16, сувилагч 15, тусгай мэргэжилтэн, бага эмч 8, 15 туслах ажилтантайгаар тойргийн дөрвөн сумын нийт 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна.
 
Эрүүл мэндийн төвийн барилга нь 2016 онд ашиглалтад орсон бөгөөд 2021 оноос барилгын B1 давхарт усны нэвчилт явагдаж эхэлсэн байна. Сум орон нутгийн санхүүжилтээр тус давхарт гурван удаа засвар үйлчилгээ хийгдсэн ч төдийлөн үр дүнгүй байгаа талаар Цогтцэций сумын Эрүүл мэндийн төвийн дарга Ц.Баяржаргал мэдээлэл өгөв.
 
Тус сумын эрүүл мэндийн төв нь дотор, хүүхэд, төрөх, мэс засал, халдварт, хүлээн авах гэсэн тасаг нэгжтэй ба жилдээ амбулаториор 23 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлж, 40 гаруй мэс засал, 300 хүнд осол гэмтлийн тусламж үзүүлэн ажиллажээ. Мөн өнгөрсөн онд нийт 1298 түргэн тусламжийн дуудлага хүлээн авсан байна.
 
Уулзалтын үеэр газрын дарга нар Эрүүл мэндийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, орон нутагт хэрэгжих төсөл хөтөлбөр, эмч ажилтны нийгмийн баталгаа, салбарын шинэчлэлийн талаар танилцуулж, санал хүсэлтийг нь сонсов.
 
Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн болон албаны хүмүүс маргааш Өмнөговь аймгийн Даланзадгад хотод ажиллана.
 
Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

Цогтцэций сумын Эрүүл мэндийн төв тойргийн 4 сумын 30 мянга гаруй иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна  
Үзсэн: 91 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй