Шууд Chart

МҮБХ-ноос нэр бүхий зарим бөхийг улсын наадамд барилдахгүй байхыг уриалжээ

2021-06-15 09:00:07

Монголын үндэсний бөхийн холбооноос нэр бүхий бөхчүүдэд хандан, уриалга гаргажээ. Энэхүү уриалгад:  

"Ардын хувьсгалын 98, 99 жилийн ойн их баяр наадмаар шөвгөрч, үзүүрлэж, түрүүлж допингийн шинжилгээ өгсөн улсын аварга Н.Батсуурь, Э.Оюунболд, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага Б.Бат-Орших, улсын начин Д.Цэрэнтогтох нараас допингийн төрлийн бодис илэрсэн тухай баримтыг БНСУ-ын итгэмжлэгдсэн лаборатори Монголын үндэсний допингийн эсрэг байгууллагад ирүүлсэн.

Дээрх асуудлын хүрээнд төр засгийн байгууллагуудаас гаргасан зарим тогтоол, шийдвэрүүд мөн одоо дэлхийн олон оронд допингийг гэмт хэрэг гэж үзэж хариуцлага тооцож эхэлсэнтэй холбоотойгоор Монгол бөхийн нэр хүнд урьд өмнө байгаагүй ихээр унаж, бөхчүүд, бөх сонирхогчдын дунд үл ойлголцол, маргаан үүсээд буйг та бүхэн сайн мэдэж, нөхцөл байдлыг ажиглан харж байгаа.

Иймд төр засаг, хууль шүүхийн байгууллагуудаас допингийн хариуцлагын талаар ямар ч шийдвэр гаргасан та бүхэн МҮБХ-ноос 2017 онд баталсан “Допингийн эсрэг журам, тогтоол”-д заасны дагуу допингийн зөрчил гаргасан бөх хоёр жил барилдахгүй байх үүргийг сахин биелүүлж, Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээгээ хүндэтгэж, Монголын хүчит бөхчүүдийнхээ эв нэгдэл, олон зуунаар өвлөгдөн ирсэн бөхийн ёс жудаг, нэр төрийг эрхэмлэн бодож, ухамсарлан 2021 оны долоодугаар сарын 10-12-нд болох Ардын хувьсгалын 100 жилийн ойн баяр наадамд барилдах санаа, зорилго агуулахгүй байхыг уриалж байна.

Та бүхний гаргах зөв шийдвэр монгол бөхөд үүсээд байгаа допинг гэх хар толбыг арилгах эхлэл болох, бөхчүүдийн эв нэгдлийг бэхжүүлэхэд нэн чухал гэдгийг ойлгоно гэдэгт итгэж байна. Монголын үндэсний бөхийн холбоо" гэжээ.  

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮБХ-ноос нэр бүхий зарим бөхийг улсын наадамд барилдахгүй байхыг уриалжээ   
Үзсэн: 4994 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй