Шууд Chart

Эвслийн засгийн газар израилийн засгийн эрхийг авлаа

2021-06-15 11:42:10

Израилийн парламент найман намаас бүрдсэн эвслийн шинэ засгийн газрыг 60:59 гэсэн саналын харьцаатайгаар дэмжин баталжээ. Ингэснээр Беньяамин Нетаньяхугийн тэргүүлсэн засгийн газын бүрэн эрх дуусаж, улс төрийн найман намаас бүрдсэн эвслийн шинэ засгийн газар Израилийг засаглахаар болж байна.

Израилийн шинэ засгийн газрыг барууны, зүүний, төвийн үзэл баримтлалтай намууд болон Араб үндэстний гээд найман нам бүрдүүлжээ. Эдгээрээс барууны үзэл баримтлалтай Ямина намын дарга Нафтали Беннетт Израилийн ерөнхий сайд боллоо. Тэрбээр Израилийн түүхэнд ерөнхий сайдын албыг хамгийн удаан буюу 2009 оноос хойш 12 жил тасралтгүй хашсан Беньяамин Нетаньяхугаас засгийн эрхийг хүлээж авч байна. Гэхдээ Эвсэлд нэгдсэн гол хоёр нам засгийн газраа хоёр хоёр жилээр ээлжилж барихаар тохиролцжээ.

Өөрөөр хэлбэл эрх мэдлийг ээлжилж барих тохиролцооны дагуу Шинэ ерөнхий сайд Беннетт засгийн эрхийг хоёр жил барьсныхаа дараа 2023 оны 9 дүгээр сард төвийн үзэл баримтлалтай Еш Атид намын дарга Яир Лапидад албан тушаалаа шилжүүлэх юм байна. Харин Израилийн түүхэнд хамгийн урт хугацаанд засгийн эрх барьсан Беньяамин Нетаньяху баруун төвийн үзэл баримтлалтай Ликуд намын даргаар хэвээр үлдэж, сөрөг хүчний удирдагч болох юм байна. Тэрбээр парламент нь шинэ эвслийг дэмжсэний дараа “эргэн ирнэ” гэдгээ мэдэгджээ. Өнгөрсөн гуравдугаар сард болсон Израилийн бүх нийтийн сонгуулиас хойш хоёр сар гаруйн хугацаанд эвслийн засгийн газар бүрдүүлэх яриа хэлэлцээ өрнөсний эцэст тус улсын улс төрийн намууд эвслийн засаг байгуулах тохиролцоонд хүрсэн юм.

Израильд хоёр жилийн хугацаанд дөрвөн удаа сонгууль явуулсны эцэст сая улс төрийн мухардмал байдлаас гарч, түүхэнд байгаагүй хамгийн олон нам эвслийн бүрэлдэхүүнтэй засгийн газар бүрэлдэн тогтож байна. Шинээр томилогдсон ерөнхий сайд Беннетт улс орноо нэгдмэл байлгах амлалт өгч байна.Үүний зэрэгцээ улс орныхоо боловсрол, эрүүл мэнд зэрэг голлох салбаруудад шинэчлэлт хийхээ нэг тэргүүний зорилт гэж зарлалаа.  Одоо олон улс эвслийн засгийн газар тогтвортой засаглаж чадах эсэх дээр гол анхаарлаа хандуулж байна. Тухайлбал эвсэлд нэгдсэн намууд байр суурины асар их зөрүүтэй асуудал болох Палестины асуудал нэгдмэл бодлого явуулж чадах эсэх нь эргэлзээтэй байна.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Эвслийн засгийн газар израилийн засгийн эрхийг авлаа   
Үзсэн: 510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй