Шууд Chart

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно

2021-06-16 09:19:26

Монголын Урлагийн зөвлөл соёлын олон төрлийг хөгжүүлэх, техник технологийн дэвшилд тулгуурласан дэлхийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх, дүрслэх урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадмыг 2016 онд санаачлан зургаа дахь жилдээ зохион байгуулж байна.

Өнгөрсөн хугацаанд “Уламжлал ба орчин үе”, “Ул мөр”, “Хил Хязгаар үгүй”, “Нүүдэл суудал”, “Зэрэглээ” сэдвийн хүрээнд Аргентин, Австрали, Голланд, Чех, Израиль, Филиппин, Солонгос, Герман, АНУ, Монгол зэрэг 15 улсын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн гаргасан. Үзэсгэлэнд хүн төрөлхтөнд тулгамдаж буй асуудлыг техник технологийн дэвшилт дээр тулгуурлан видео, фото, инстоляци, дуу, хөгжимтэй найруулан бүтээсэн нийлмэл буюу медиа урлагаар дамжуулан олон нийтэд танилцуулсан билээ.

Монголын Урлагийн зөвлөл Гёте-Институттэй хамтран, Соёлын яамны дэмжлэгтэйгээр “Улаанбаатар” олон улсын медиа урлагийн зургадугаар наадмыг энэ сарын 24-нөөс 30-ны хооронд “XXI” сэдвийн дор зохион байгуулж, урлаг, технологи, шинжлэх ухааны зааг, хязгаар, ялгааг даван шинэчлэл хийж буй олон улсын уран бүтээлчдийн шилдэг бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх гэж байна.

Дэлхий нийтийн соёлд 21 нас нь хүний төлөвшилт бүрэн явагдаж гүйцээд залуу нас, гэрлэх үе эхэлдэг нас гэж үздэг. Өнөөгийн XXI зуун ч гэсэн хүн төрөлхтний хувьд “хүүхэд” хандлагыг өөрчилж, амьдралын хэв маяг, үндсэн хэмнэлийн зүй тогтлыг өөрчлөх, анхаарах дохио өгч эхэллээ. Тиймээс 21 гэсэн тоо Европ, Ази тивийг, өнгөрсөн ба өнөө үеийг, хүний хөгжил, түүх соёл, сэтгэлгээний онцлогоор нь нэгтгэж байна. Мөн энэ тооны ард дэлхийг тэр даяар нь цар тахлаар нөмөрсөн давлагаа ч багтах боллоо.

Энгийн мэт байсан зүйлс хориг болж, даяаршсан дэлхийд улс орнуудын хил хязгаар улам тодорч, танил мэт зүйлс нэгэн зэрэг үл танигдах боллоо. Үүний дүрслэлийг энэ жилийн ‘XXI’ сэдвийн дор зохион байгуулагдах “Улаанбаатар” медиа урлагийн наадамд дэлгэн үзүүлэх бүтээлүүдээс харах болно.

Наадмын хөтөлбөрт Монгол, Герман уран бүтээлчдийн хамтарсан “Дүр үгүй” 360’ дэлгэцийн медиа бүтээл, “21 бүүвэй”, “Хүн хүрд” нэртэй өрөг саунд хосолсон медиа бүтээл, “Лус” нэртэй видео медиа бүтээл зэрэг дөрвөн шинэ бүтээл, Монголын паблик медиа арт хөтөлбөрийн уран бүтээлчдийн “Хосолмол соёл” видео бүтээлээс танилцуулах ба Монголын ди жей нарын өнөөгийн хэмнэлийг олон нийтэд хүргэх юм.

Мөн уран бүтээлчид, оюутан сурагч болон олон нийтийн медиа урлагийн мэдлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Урлагтай яриа” цуврал уулзалт ярилцлага зохион байгуулна. Энэ жилийн наадмаар бид 20 гаруй уран бүтээлчийн уран бүтээлээс танилцуулж, зургаан байршлаар үзэгч та бүхнийг аялуулах болно.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Улаанбаатар” олон улсын медиа урлагийн наадам болно  
Үзсэн: 440 Mongolian National Broadcaster  

Анхааруулга:

Та одоогоор сэтгэгдэл үлдээх боломжгүй байна.
MNB.mn сайтын редакц
Утас: 70127055

Бидэнтэй нэгдээрэй