Шууд Chart

НАТО БНХАУ-ын цэрэг армийн бодлого аюулгүй байдлын сорилт болж байгааг зарлав

2021-06-16 10:04:23

Умард Атлантын Гэрээний Байгууллага НАТО-гийн ээлжит дээд хэмжээний уулзалт өнгөрсөн даваа гарагт Брюссель хотноо боллоо. Энэ удаагийн дээд уулзалтын төгсгөлд гаргасан хамтарсан мэдэгдэлд НАТО БНХАУ-ыг аюулгүй байдлын орчинд “цэрэг армийн заналхийлэл системтэйгээр учруулж” байна гэж дүгнэсэн байна.

Тухайлбал, БНХАУ цөмийн зэвсгийн нөөцөө хурдан хугацаанд нэмэгдүүлж, цэрэг армийн шинэчлэлтээ нууцалж, ОХУ-тай цэрэг армийн хамтын ажиллагааг нягт өрнүүлж байна гэж НАТО-гийн мэдэгдэлд дурджээ.

Харин НАТО-гийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг Хятад улс цэрэг арми, технологийн хүч нөлөөний эсрэг НАТО шинэ стратеги боловсруулах шаардлагатай болж байна, гэхдээ НАТО Хятад улстай Шинэ хүйтэн дайн хийхийг хүсэхгүй байгааг онцолсон байна. Харин Европ Холбооны дэргэдэх Хятадын төлөөлөгчийн газар НАТО-г Хятадын энх тайван замаар явж байгаа хөгжлийг гүтгэж байна, Хятад улс өөрийгөө хамгаалах зорилготой батлан хамгаалах бодлого хэрэгжүүлдэг гэж байр сууриа твиттер хуудсаараа илэрхийлжээ.

Хятадын арми дэлхийд хамгийн олон бүрэлдэхүүнтэйд тооцогддог, одоогоор хоёр сая хүн армид үүрэг гүйцэтгэж байна. Мөн сүүлийн жилүүдэд Африкийн улс орнууд дахь Хятадын армийн үйл ажиллагаа идэвхжиж, Африкд цэргийн баазууд байгаа зэргээс НАТО болгоомжлох болсон юм. Энэ удаад Америкийн ерөнхийлөгч Байден НАТО-гийн уулзалтад анх удаа оролцлоо. Түүний өмнөх ерөнхийлөгч Доналд Трампын засаглалын үед АНУ НАТО-гоос гарахаар сүрдүүлж, Европын түншүүдтэйгээ таарамжгүй харилцаа үүсгэж байсан. Харин Байден НАТО дахь Америкийн байр суурь эргэн ирснийг зарлаж, холбоотнуудынхаа итгэлийг эргүүлж авахаар чармайлт гаргалаа.

Тэрбээр НАТО бол Америкийн ашиг сонирхолд маш чухал байр суурь эзэлдэг гэдгийг онцлоод НАТО-гийн гэрээний 5 дугаар заалтын хүрээнд бид харилцан нэгнээ хамгаалах ариун үүрэгтэй гэж цохон тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ энэхүү дээд уулзалтаар яригдсан нэг чухал сэдэв нь Афганистан байсан. НАТО Америк болон холбоотны цэрэг гарч байгаатай холбогдуулан, Афганистаны нийслэл Кабулын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг явуулах зардлыг цаашид үргэлжлүүлэн төлөхөөр санал нэгдсэн байна. Коммунизмын өргөжин тэлэлтээс ирж болзошгүй аюул заналын эсрэг Дэлхийн хоёрдугаар дайны дараа 1949 онд байгуулагдсан НАТО нь өнөөдөр Европ болон Хойд Америкийн нийт 30 улсыг эгнээндээ нэгтгэсэн, улс төр цэрэг армийн хүчирхэг эвсэл болон өргөжжээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

НАТО БНХАУ-ын цэрэг армийн бодлого аюулгүй байдлын сорилт болж байгааг зарлав   
Үзсэн: 1107 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй