Шууд Chart

Коронавирусний “Дельта” хувилбар дэлхийн 74 улсад бүртгэгдсэн байна

2021-06-16 12:42:06

Энэтхэгт анх бүртгэгдсэн, коронавирусний "Дельта" хувилбар дэлхий даяар маш хурдтай тархаж, одоогоор 74 улсад бүртгэгдсэн байна. Тухайлбал, Америк, Хятад, Европ, Африк тивийн орнууд болон Номхон далайн орнуудад уг хувилбар бүртгэгджээ.

Эрдэмтэд уг хувилбар энгийн коронавируснээс 60орчим хувиар илүү хурдан тархаж, илүү олон шинж тэмдгээр илэрч, илүү хүндээр өвчлүүлж байгааг анхааруулж байна. Америкт гэхэд "Дельта" хувилбараар халдварласан тохиолдол хоёр долоо хоногт хоёр дахин нэмэгдэж, шинэ тохиолдлын 10 хувийг эзэлж байгаа бол Их Британид шинэ тохиолдлын 90 орчим хувийг эзэлж байна. Одоогоор улс орнуудын эрүүл мэндийн байгууллагууд "Дельта" хувилбарын талаарх мэдээлэл цуглуулж, мэдээллээ хуваалцаж байна. эрүүл мэндийн тогтолцоо султай хөгжиж байгаа улс орнууд уг хувилбар илүү өргөн хүрээнд тархсан байх вий гэж болгоомжилцгоож байгаа юм.

Мөн "Дельта" хувилбарын тархах чадвар бусад хувилбаруудаас илүү өндөр байгаа нь хатуу хөл хориотой орнуудад хүртэл бүртгэгдсэн байдал нотолж байна гэж эрдэмтэд анхааруулжээ. Тухайлбал хамгийн хатуу хөл хориотой байгаа Австралийн Мельбурнд хүртэл бүртгэгджээ. ДЭМБ Энэтхэгт анх бүртгэгдсэн уг хувилбарыг "Дельта" гэж нэрлэсэн. Энэтхэг болон бусад улс орнуудад илэрсэн шинж тэмдгээс харахад Дельта хувилбар ходоод өвдөх, дотор муухайрах, бөөлжих, хоолны дуршилгүй болох, сонсгол алдах зэрэг илүү хүнд шинж тэмдгээр илэрч байж магадгүй юм байна. Харин Их Британи "Дельта" хувилбарын гол шинж тэмдэг нь толгой өвдөх, хоолой сэрвэгнэх, шингэн нус гоожих зэрэг шинж тэмдгээр илэрч байгааг эрдэмтэд нь мэдээлсэн байна.

Хятадын Гуанжоуд гэхэд халдварт тохиолдлын 12 хувь нь шинж тэмдэг илэрсэн 3-4 хоногт өвчин хүндэрсэн, коронавирусний халдвараас дөрөв дахин хурдтай халдварлаж, илүү олон хүнд халдаж байгааг эрүүл мэндийн салбарынхан нь мэдээлжээ. Одоо улс орнууд дельта хувилбарын эсрэг хэрхэн нэгдмэл бодлогоор хэрхэн сэргийлэх вэ гэдэг шинэ сорилт гарч ирж байна. Үүний зэрэгцээ одоо хэрэглэж байгаа вакцинууд мутацид орсон хувилбаруудын эсрэг үр дүнтэй байгаа хэдий ч вакцин хийлгээгүй хүн халдвар авсан нөхцөлд уг хувилбар дахиад мутацид орох эрсдэл өндөр байгаа аж. Америк Их Британийн хувьд хүн амынхаа 40 гаруй хувийг вакцинд бүрэн хамруулсан. Гэвч дельта хувилбар илүү хурдан тархаж байгаа нь тэдний санааг зовоож байна.

Одоогоор Пфайзер, АстраЗенекагийн вакцин "Дельта" хувилбарын эсрэг үр дүнтэй байгаа гэсэн судалгаа гараад байна. Мөн энгийн коронавирустэй харьцуулахад Пфайзерын вакцины нэг тунг хийлгэсэн хүний дархлаа дельта хувилбарын эсрэг сайн тогтож байгаа нь судалгаагаар гарчээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Коронавирусний “Дельта” хувилбар дэлхийн 74 улсад бүртгэгдсэн байна   
Үзсэн: 1411 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй